МУИС-ийн багш Т.Дүгэрсүрэн асан алдарт Жангарын туулийн 12 бүлгийг 1963 онд Халимаг хэлнээс халх аялгад хөрвүүлж, нийтийн хүртээл болгожээ. Хожим 26 бүлгийг бүрэн эхээр нь хөрвүүлж, зохиогчийн эрхээ авсан боловч хэвлүүлж амжилгүй өөд болсон байна. Тэрбээр дээрх 26 бүлгийг бүрэн эхээр нь хэвлүүлж, нийтийн хүртээл болгохыг хань, үр хүүхдүүддээ гэрээсэлсэн аж. Гэтэл МУИС-ийн “МУИС пресс” вэб хуудсаараа дамжуулан Жангарын туулийг 49.90 ам.доллараар үнэлэн борлуулж байсныг ахмад багш асаны гэр бүлийнхэн мэдэж, тэднийг оюуны өмчид халдлаа хэмээн хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдээд байсан. “МУИС пресс”-ийн ажилтантай холбогдож, энэ талаар тодруулахад “Дүгэрсүрэн гуайн хүү Баяр манай Монгол судлалын хүрээлэнд энэ номыг бэлэглэсэн. Манайд “Монгол судлалтай холбоотой ном, товхимол байна уу” гэж олон хүн асуудаг учраас танилцуулга байдлаар зурагтай нь вэб хуудастаа мэдээлэл гаргасан. Хэрэв гадаадын Монгол судлалын байгууллага захиалбал шаардлагатай зардлыг тооцож, 49.90 ам.доллар гэж бичсэн юм. Тэрнээс хэвлээд, борлуулаад байсан зүйл байхгүй. Гомдол гарсантай холбоотойгоор бид вэб хуудастаа байрлуулсан мэдээллээ авсан” гэлээ.