Манай орны ихэнх нутгаар хэт халж байгаагийн улмаас ой, хээрийн бүс нутгаар хэт хуурайшин, нэн аюултай зэрэглэлд хүрчээ. Төв, баруун зүгийн нутгаар зуншлага муу, гантай байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үүнтэй холбогдуулан, тушаал гаргаж, хуурайшилт ихтэй байгаа бүс нутгуудад ажиллуулахаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулан ажлын хэсэг томилов. Ажлын хэсэг өнөөдөр төвийн болон баруун аймгуудын нутагт ажиллахаар явлаа. Ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Булган, Архангай, Төв, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт ажиллах юм байна.
Манай орны ихэнх нутгаар өдөртөө хэт их халж байгаа нь аянга цахилгаан буух эрсдэлийг бүрдүүлж байна. Ажлын хэсэг гангийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан үнэлгээ хийх, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч, шийдвэрлүүлэх, яаралтай тохиолдолд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах арга хэмжээ авах, зайлшгүй тохиолдолд Улсын онцгой комисс, Засгийн газарт асуудлыг танилцуулж ажиллах юм.
2015 он гарсаар гурван аймгийн таван суманд аянга буусны улмаас нэг иргэн түлэгдэж гэмтэн, 53 толгой мал хорогдсон байна. Мөн цаашид долоо, наймдугаар сард өдрийн их халалтын улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй талаар цаг уурын байгууллагаас анхааруулж байна. 2015 он гарсаар дөрвөн аймгийн найман суманд уруйн үер бууж 38 айл өрх, дөрвөн аж ахуйн нэгж, байгууллага усанд автаж, 6913 толгой мал хорогдсон байна.