БНСУ-ын Койка олон улсын байгууллагын санхүүжилтээр Хангёны их сургууль ХААИС-тай хамтран хэрэгжүүлж буй "Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих" төслийн хүрээнд ХААИС-д өндөр технологи бүхий таван лаборатори байгууллаа. Энэ төслийн нийт санхүүжилт 1.6 сая ам.доллар бөгөөд хоёр жил гаруй хугацаанд хэрэгжиж, сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий таван лаборатори, бүрэн автомат хоёр гидропоник хүлэмжийг ашиглалтад оруулаад байна. Эдгээр лабораториудыг ашиглан Монгол малын мах, сүү болон энэ чиглэлийн бүтээгдэхүүний биологи, химийн онцлог шинж чанар, эмчилгээ сэргийлэлтийн шинжүүд, тариалангийн талбайн хөрсний үржил шим, эрүүл ахуйн үзүүлэлт, төмс, хүнсний ногооны эрүүл, аюулгүй байдал гээд ХАА-н бүхий л бүтээгдэхүүнийг шинжлэн тогтоох боломж бүрдлээ. Харин өвөл, зуны бүрэн автомат хүлэмжинд шинэ төрлийн хүнсний таримал сортууд сорих, ашигт ургамлуудыг тарималжуулах зэрэг судалгааг гүйцэтгэж, ирээдүйн хүнсний үйлдвэрлэлийн шинэ чиглэлийг тодорхойлох боломжтой. Мөн төслийн хүрээнд ХААИС-ийн 40 орчим багш, судлаач малын үржил, селекци, бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдал, ургамал, амьтны биотехнологи, шинэ таримлын судалгаа зэрэг чиглэлээр БНСУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад урт, богино хугацаагаар суралцаж шинэ технологи, арга зүй эзэмшчээ. Шинэ технологи, арга зүй эзэмшсэн судлаачид Монгол орны ХАА-н салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр БНСУ-ын Хангёны их сургуулийн эрдэмтэд ХААИС-ийн багш, судлаач оюутнуудтай хамтран дараахь ажлуудыг амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал, Монголд анх удаа усан үзэм тариалж, зэрлэгээр ургадаг гоёл чимэглэлийн болон эмчилгээ сэргийлэлтийн зориулалттай ургамлуудыг тарималжуулав. Мөн мах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй үхрийн үр хөврөл шилжүүлэн суулгах ажил амжилттай болж анхны найман тугал төрлөө. Түүнчлэн мах, сүүн бүтээгдэхүүний зарим технологийг шинээр боловсруулж туршив.