Монгол цэргийн сүр хүч, хийморь нь болсон Их хар сүлдийг цэнгүүлэх тайлга Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Агуйт ууланд өчигдөр боллоо. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон Зэвсэгт хүчний жанжин штабын (ЗХЖШ) дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй зэвсэгт хүчний удирдлагууд оролцож, уулын тахилгат овоонд тайлга хийв. Их сүлдэч, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай командлан бүх цэргийн Их хар сүлдийг дөрвөн зүгийн элч сүлдтэй хамт тусгайлан залсан суудалд залж тайлгыг эхлүүллээ.
Үүний дараа хар сүлдэнд зул, идээ, сархад өргөн, утлага хийв. Их хар сүлдний их сүлдэч “Эр цэргийн ирийг хурцлагч, ирэх дайсны омгийг дарагч, ирсэн түмний нандин шүтээн эзэн Чингисийн хар сүлднээ өчиг өчиж цацал өргөе” хэмээхэд тайлгад оролцогчид баруун өвдөг дээрээ сөхөрч суун ЛЛЭЭхүндэтгэл үзүүлсэн юм. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их сүлдэнд идээ шүүс өргөж, мөргөлөө. Энэ үеэр харваач “Өрсөн ирэх дайсныг өвдөг сөгдүүлэн номхотгов” хэмээн шивнэж гурван сум тавив. Оролцогчид тайлгын төгсгөлд авлаа. Өмнө нь уг тайлгыг Төв аймгийн Алтанбулаг суманд үйлддэг байсан бол 2009 оноос эхлэн түүхийн дурсгалт энэ ууланд хийдэг болжээ.
Хар сүлдийг цагаалах, цэнгүүлэх, догшруулах тайлгыг хийдэг уламжлалтай. Догшруулах тайлгыг дайн тулааны үед, цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдөр, цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа зуны дунд сард зохион байгуулдаг юм байна. Энэ үеэр ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбатаас дараах тодруулгыг авлаа.
-Монголчууд олон зууны турш Их хар сүлдээ цэнгүүлж, мөргөж, эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж ирсэн. Сүүлийн жилүүдэд энэ ёслолыг тогтмол хийж байна.
-Монгол цэргүүд Их хар сүлдээ хэрхэн дээдэлж ирсэн уламжлалтай вэ?
-Монголчууд XIII зууны үеэс аян дайнд явахдаа Их хар сүлдэндээ мөргөн тахиж, адис авдаг байсан. Түүхийн зарим үед энэ сүлдийг тахих боломжгүй байсан. Ингээд 1990-ээд оны сүүлчээс энэ ёслолыг сэргээсэн. Одоо манай цэргүүд олон улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцохдоо Хар сүлднээсээ адис авдаг.
Н.САНЖААСҮРЭН