Ч.Сайханбилэг намтартаа “Ерөнхий сайдаар ажиллаж байв” гэсэн ганц сайхан мөр нэмэх нь. Ардчилсан нам одоогийн Засгийн газрыг ямар зорилгоор байгуулсан юм бол? Улс төрийн ямар шийдлээр Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар дэмжсэн нь хачирхалтай. УИХ-д 73 гишүүнтэй бахим бүдүүн бүлэг ажиллалаа гээд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, ажил хийлгэхгүй л бол бүхэл бүтэн гүйцэтгэх засаглал байгаад ч ёстой л нэрийн ор төдий байдаг аж. Нар үздэггүй цонхнуудтай орон сууц хүйтэн, бас чийгтэй байдаг бөгөөд зах зээлд эрэлт муутай байдаг шүү дээ. Үүнтэй жишиж болмоор.
Шийдлийн танхим байгуулагдсанаас хойших хагас жилийн хугацаанд АН-ын дотоод байдал илүү хурцадсан, лидерүүдийн үл ойлголцол хэрээс хэтэрсэн. Улс төрийн дэмжлэггүй, тоглоомын Засгийн газар болж хувирсан гол шалтгаан нь ердөө л АН өөрөө. Тиймээс Ч.Сайханбилэг ард иргэддээ амалсан Тавантолгой ч үгүй, Оюутолгой ч үгүй сууж байна. Энэ засгийн хамгийн том хоёр төслийн нэг Тавантолгойн хэлэлцээ гарааныхаа зүг рүү буцаж, Оюутолгойн асуудал дахиад л ноорог болж хоцров. Засгийн газарт хамтрагч гурван тал гурван өөр яриатай, тэр дундаа АН, МАН-ын харилцаа халуун зунаар хүйтрээд эхэллээ.
Тэд бие биенээ шүүмжилж танхимаа муутгах гэж биш, хямралыг гэтлэх гэж, ажил хийж, амжилт гаргах гэж Засгийн газарт хамтарсан. Эрх барьж буй АН дотооддоо зудтай байгаа тул бусадтай хүйтэн харилцах нь ч аргагүй биз ээ. Гэхдээ МАНАН гэнэн томоогүй хамтрал биш. Эдийн засгийн хямралаас улс орноо гаргах маш том зорилгоор хамтарсан. Энэ утгаар Тавантолгой, Оюутолгойг МАН, АН-ын аль алинаас нь адилхан нэхэх эрх бидэнд бий. МАНАН бол гурван сая хүний амь, амьдралыг улс орны хөгжлийн бодлоготой нь чиглүүлэн манлайлах амлалттай, 25 жилийн турш иргэдийн итгэл, зүтгэлээр өдий хүрсэн намууд. 2004 оноос хойш сонгуулийн дүн ямар гарснаас үл шалтгаалан хамтарч Засгийн газар байгуулдаг туршлагатай хоёр.
Тиймээс энэ удаа тэднийг салж л байдаг, нийлж л байдаг хэмээн өөгшүүлэх нь буруу эрхлүүлсэн, магадгүй толгойг нь “цустсан” хэрэг юм. Мань хоёрын маазралыг олон нийт Монголын улс төрийн хэм хэмжээ, манай хоёрын уламжлалт соёл мэтээр хүлээн авах хандлага тогтвол дараа дараагийн Засгийн газар мөн л тоглоомынх болж таарна. Тэднээс хариуцлага нэхэх эрх бидэнд бий. Тавантолгой яасан бэ, Оюутолгой юу болов гэж асууцгаая. Тэд хамтдаа шийдэх ёстой байсан учраас аль алинаас нь адилхан асууя. УИХ дахь АН-ын бүлэг энэ долоо хоногийн эхний өдрөөс Засгийн газрын хувь заяаг дэнсэлсэн уур амьсгал нийгэмд түгээв. Энэ нь МАН-ыг Засгийн газраас хөөх туршилтынх нь сүүлчийн шат гэж ойлгогдсон.
Тэд МАН-ыг гэрээний зөвхөн албан тушаалын хуваарилалттай холбоотой заалтыг л биелүүлсэн, зарим заалт зөвшилцлийн шатанд, үлдсэнд нь МАН Засгийн газрынхаа эсрэг ажиллаж байна гэж үзэж байгаа юм. Засгийг газраас МАН-ыг гаргах эсэхийг Гүйцэтгэх зөвлөл нь хуралдаж байж шийднэ. МАН ч бас Засгийн газраас гарах эсэхээ хэлэлцжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “МАН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахгүй. Хамтарсан шиг хамтарч, ачаагаа үүрсэн шиг үүрнэ” хэмээн өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэв. Энэ нь хөөгдөх дээрээ тулсан эхнэр “Өвгөөн, сааль сүүний цагаар салж явдаг арилсан дотортой эхнэр байдаг юм уу” гэсэн аргадангуй хариу адил сонсогдоно лээ.
Их улс төрөөс энэ мэт янаг амрагийн сэдэвтэй жүжиг ший дэглэгдэж байх зугаатай нөхцөл Монгол оронд даанч алга. АН-ын фракцууд хэрэв Засгийн газраар оролдохоор шийдсэн бол нэн түрүүнд том ордууд тойрсон эрх ашгийн зөрчлөө арилгаж байж хөдөлнө гэж найдъя. Ингээгүй цагт сонгууль хүртэл хэдэн ч засаг солигдлоо гээд ямар ч нэмэргүй билээ. Нар тусдаггүй хүйтэн байр хэзээд эрэлтгүй байх нь ойлгомжтой. Монголд 430 орчим хууль бий. Манай хоёрын л баталсан хуулиуд. Батлагдахаар дуншиж буй шинэ төслүүд ч олноороо байна. Байхгүй хууль гэж байхгүйтэй адил.
Түүнийг бид нийгмийн харилцаанд оролцох бүртээ биелүүлэх учиртай. Эс бөгөөс торгуулна, янз бүрийн хэлбэрээр эрхээ хасуулна. Гэвч манай хоёрт өөрсдөд нь дахиад ганц сайн “хууль” дутагдах болов. Шоглож хэлбэл, “МАН, АН-ын хамтарсан Засгийн газрын тухай хууль” гэж бие даасан тусгай хууль гаргаж, эвтэй ажиллаж чаддаггүй хоёрт заавал дагаж мөрдөх эрс хатуу зүйл заалтуудыг тусгалтай билээ. Уг нь Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дагуу ажиллах ёстой боловч яг МАН, АН-ын хамтрал дээр очихоороо хүчгүйдчихдэг нь сонин. Хамтарсан Засгийн газрын гэрээ гэж бас бий. Гэтэл манай хоёрын улс төрийн харилцааг хамтарсан гэрээ нь ч зохицуулж дийлэхээсээ өнгөрч байх шиг.
Б.ЭНХЦЭЦЭГ