Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хагжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт нийцүүлэн нийслэлийн Бага тойруу буюу Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хорооны 243,3 га газрын хэмжээнд боловсруулсан Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэлийг баталлаа.
Төлөвлөлтийн нутаг дэвсгэрт 13809 айлын 312 орон сууцны барилга судлагдсанаас 12541 нь орон сууцны зориулалтаар, 1268 нь олон нийт, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байна. Бага тойруугийн нутаг дэвсгэр нь нийт 40983 хүн амтай бөгөөд 11384 өрхтэй юм.
Багатойрууг “Улаанбаатар хотын төв” болгож, хүн амын төвлөрөл багатай, улс, нийслэлийн чанартай ажил хэргийн бүс болгон хөгжүүлэх зорилтын тусгажээ.
Үүний хүрээнд:
- Уулсын болон нийслэлийн нэгдүгээр зэргийн хамгаалалтад авсан барилгын хийцийг стандартад нийцүүлэн засварлаж хадгалах
- нийслэлийн хоёр дугаар зэргийн хамгаалалтад авсан барилгын эх байдлыг хэвээр хадгалан, шинэчлэн сайжруулах, газар ашиглалтыг сайжруулан дахин төлөвлөж шинэчлэн барилгажуулна.
Энэ ажилд 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд улс, нийслэлийн чанартай засаг захиргаа, соёл олон нийтийн үйлчилгээг задлах бодлогын хүрээнд зургаан дэд төвийн нэг болгон хөгжүүлэхээр тусгажээ.
Хуучин газар хөдлөлтийн арга хэмжээнд тусгагдаагүй барилга байгууламжийг шинэчлэн барилгажуулснаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх, хотын төвийн хэсгийн газар ашиглалтыг нэмэгдүүлэн, хуучин барилгыг шинэчлэн барилгажуулснаар ногоон байгууламж, зам талбай нэмэгдэн хотын төвийн хэсгийн өнгө үзэмж нэмэгдэн, иргэдийн ажиллаж, амьдрах ая тухтай орчин бүрдэх юм байна.