ОБЕГ, НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газар, Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлэгтэй хамтран Ази, Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах олон улсын дадлага сургуулилалтыг энэ сарын 22-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй. Үүний хүрээнд өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тусламжийн багуудыг манай улсын хилээр хэрхэн хүлээн авах, үдэхийг жишээ болгон үзүүлэв. Олон улсын багийг ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүйгээр хилээр нэвтрүүлэх ёстой бөгөөд хамгийн түрүүнд ирсэн БНХАУ-ын багийнхан Монгол Улс энэ зорилгоо биелүүлж байна гэж үнэлэв. Тус багийн гишүүн Гэтү Жуоли “Хятад улс Монголтой ойр оршдог учраас гамшиг тохиолдсон үед хамгийн түрүүнд ирж туслах боломжтой. Энэ сургалт нь тусламж хүргэхэд бэлтгэх нэг алхам боллоо. Монголын хил гаалийнхан шуурхай ажиллаж байна” гэв. Уг үзүүлэх дадлагад БНХАУ-аас гадна ОХУ, АНУ, Австрали, Швед, Тайланд, Малайз зэрэг 17 улсын эрэн хайх, авран туслах, хүмүүнлэгийн баг оролцлоо.
Энэ талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр “НҮБ-ын дүрмийн дагуу тусламж үзүүлэхээр түрүүлж ирсэн баг тухайн улсынхаа нисэх онгоцны буудалд хүлээн авах төв байгуулж, дараагийн багуудыг бүртгэх үүрэгтэй. Мөн багуудыг тус улсынхаа онцгой байдлын байгууллагатай холбох, газар хөдлөлтийн гамшгийн голомт руу явуулах, бусад мэдээллээр хангах үүрэгтэй юм. Энэ удаагийн сургуулилалтад оролцож буй аврах багууд маш олон аврах ажиллагаанд оролцож, туршлага хуримтлуулсан. Үүнийгээ хуваалцаж буй нь бид өөрсдөө олон улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэх багаа бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулна. Дотоодод ямар нэгэн гамшиг болоход үүрэг гүйцэтгэх мэргэжлийн өндөр түвшний багтай болж байна гэсэн үг. Манай баг олон улсад үүрэг гүйцэтгэх учраас гамшгаас хамгаалах менежмент, аврах ажлын олон улсын технологитой хөл зэрэгцэн, хөгжлөөс нь хоцрохгүй байх боломж бүрдэнэ” гэв.
Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж хүлээн авахтай холбоотой эрх зүйн зохицуулалт байдаггүй аж. Өдгөө “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын Хүмүүнлэгийн тусламжийг шуурхай хүлээн авах, хил гаалиар нэвтрүүлэх түргэвчилсэн журмын хүрээнд ийм үйл ажиллагааг зохион байгуулдаг юм байна. Гэсэн ч аврах баг ямар техник хэрэгсэлтэй ирэх, багийн аль нэг гишүүн нь визгүй бол яах вэ, үйл ажиллагаа явуулсны дараа хэрхэн буцах, багаж хэрэгслээ үлдээх үү зэрэг олон асуулт хариулт нэхсээр буй аж. Тиймээс ОБЕГ Гамшгаас хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Үүнд хүмүүнлэгийн тусламж хүлээн авах, үдэн гаргахтай холбоотой бүлэг заалт оруулж буй бөгөөд олон улсын туршлагыг судалсны үндсэн дээрдурдсан асуудлуудыг тусгахаар ажиллаж байгаа гэнэ.
Ч.МӨНХЗУЛ