Ч.Болортуяа
“Энэ үгийг миний нөхөр хамгийн их хэлдэг байсан” хэмээн ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан, хошууч, генарал Рашмаагийн Гаваа агсны гэргий, Монголын хэвлэлийн салбарт 30 гаруй жил ажилласан Д.Дархижав гуай хэлсэн юм. Р.Гаваа агсны дурсгалд зориулсан гурван боть номын нээлт өнгөрсөн баасан гаригт Зэвсэгт хүчний 013 дугаар ангид боллоо. Номын нээлтэд түүний гэргий болон үр хүүхдүүд, мөрдэс нэгт нөхөд, ерөнхий боловсролын сургуулийн болон ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн холбооны академид хамт сурч байсан хүмүүсийн төлөөлөл ирсэн юм. Энэхүү гурван боть номыг хэвлүүлэхийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ санаачилж, ивээн тэтгэн олны хүртээл болгосон байна. Тиймээс уг номыг Д.Бат-Эрдэнэ гишүүнийг Батлан хамгаалахын сайд байх үе буюу 2014 оны бүтээл хэмээн хэвлэжээ.
Р.Гаваа агсны гэргий Д.Дархижав номын нээлтийн үеэр “Нэгэн орой Д.Бат-Эрдэнэ гишүүн над руу утас цохиод Гаваа ахдаа зориулж номон суварга бүтээмээр байна гэж хэлсэн юм. Би ч талархан хүлээн авч, бодит үнэнд тулгуурласан ном бүтээгээрэй гэж захиж билээ. Миний нөхөр багийн зарчмаар ажилладаг хүн байсан. Баг хамт олон дотор нэг хүнийг хэтэрхий товойлгон магтвал бодит үнэн тэр хэрээр буурдаг гэж би боддог. Нэгэн хүний бодит амьдралын тухай туурвихад тухайн улсын түүх ч хамт бичигддэг билээ. Рашмаагийн Гаваа гэдэг хүний амьдралын түүх үргэлж дардан байгаагүй. Гэхдээ хохирч хэлмэгдэж явсан гэж хэлээгүй юм шүү. Тэр хүн хийж бүтээсэн, хэрэгжүүлж, бүтээх юмсан гэсэн зорилготой байсан. Хоёрхон жишээ хэлэхэд, УИХ-ын гишүүн байх үедээ Энхийг сахиулах үйл ажиллагаанд Монголын цэргийн багийг илгээхийг анх санаачилсан. Тэр үед надад “Би янз янз болж байгаад аавын олон хөвгүүдийг дэлхийн халуун цэг рүү явуулчихлаа. Сайн яваад ирээсэй билээ. За яах вэ, энэ ажиллагаа амжилттай болбол “би би” гэж хэлэх хүн олон гарна. Харин амжилт муутай болбол буух эзэн буцах хаяг нь ганц над дээр ирэх юм” гэж билээ. Мөн Тавантолгой дахь Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвийг байгуулах санаачилга гаргаж, тэр хавийн айлуудыг нүүлгэн газрыг нь чөлөөлж явсан. Тухайн үед хүмүүс “Дэмий юм сэтгэлээ. Хэнтэйгээ байлдах гээд байгаа юм” гэж буруушааж, заримдаа чулуу модоор зодуулчихсан ирдэг байлаа. Миний нөхөр алс ирээдүйг харж, түрүүлж сэтгэдэг хүн байсан” гэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээс Р.Гаваа агсны талаар дурсамжаасаа хуваалцахыг хүсэхэд, “Р.Гаваа генералыг мэдэхгүй цэргийн байтугай, монгол хүн үгүй болов уу. Төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтнээс гадна нутгийн минь дотны ах. Р.Гаваа ах шиг монгол эр хүн, төрийн хар хүн ховор доо. Цэргийн тусгай мэргэжлийг онц дүнтэй төгсөж, хаа явсан газраа инээд цацруулсан их сайхан хүн байлаа” гэсэн юм. Харин түүний том хүү Г.Түвшинбаяр “Үлгэр дуурайлал авах цорын ганц хүн минь миний аав. Ааваасаа хатуу үг сонсож байсан нь ховор. Аав минь гурван хүүтэйгээ барилдана, хамт кино үзнэ. Кино зураг авч, хальснуудаа өөрөө угаадаг байлаа” хэмээн дурсан ярьсан юм. Түүний гурван хүү өнөөдөр 40 насны босго давжээ. Тэд бүгдээрээ англи, франц, герман хэлээр ярихын зэрэгцээ эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж явна. Зэвсэгт хүчний 013 дугаар ангид Р.Гаваа агсны нэрэмжит радио, пеленкацийн аварга шалгаруулах тэмцээн 11 дэх жилдээ болж байсан юм.