Фэйсбүүк хуудаснаа хүмүүс “Хятадад үйлдвэрлэсэн хуурамч будаа Монголд орж ирлээ” хэмээн бичих болсон. Тухайлбал, Megu Bolor нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Хуурамч будаа Монголд ороод ирчихсэн байна. Сая будаа угаагаад санаандгүй хутгаад үзлээ. Тэгсэн будаа нь үйрчихсэн, цав цагаан болчихсон байхаар нь аваад гараараа үрээд үзтэл юу ч үгүй үйрээд уначихлаа. Яг шохой шиг. “YouTube”-ээс үзлээ. Пластик, төмс хоёроор хийсэн будаа Хятадаас Өмнөд Ази руу их хэмжээгээр гарсан хэрэг манджээ. Хоёр аяга хуурамч будаа идсэн хүн нэг том гялгар уут идсэнтэй дүйцнэ гэнэ. Агшилт нь арай биш байсан юм. Уутан дээрээ сүмийн зурагтай будаа 10 кг-ыг авсан. Цаашаа түгээгээрэй” хэмээн бичжээ. Түүний ийн бичсэнийг 12.905 хүн бусадтай хуваалцсан байна. Ийм утга бүхий мэдээллийг мөн Tsatsral Purevjav, Nyamka Nyamka нар фэйсбүүктээ бичсэн аж.
Тэгвэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өөрийн хуудаснаа “Сүүлийн өдрүүдэд хуурамч будаатай холбоотой постууд гарч байгаа боловч нэг нь ч албан ёсоор Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаагүй болно” хэмээн мэдэгджээ. Тус газрын ургамал хорио цээрийн улсын байцаагчид зах, худалдааны төвүүдэд зарж буй будаанд шалгалт хийхэд хуурамч будааны шинж тэмдэгтэй бүтээгдэхүүн илрээгүй аж. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас будааны зургийг анх постолж, мэдээ оруулсан хүнтэй холбогдохоор фэйсбүүк хаяг руу нь хандсан боловч хариу өгөөгүй байна. Иймээс тэд Megu Bolor, Tsatsral Purevjav, Nyamka Nyamka нэртэй фэйсбүүк хэрэглэгчдийг оруулсан мэдээллийнхээ тухай албан ёсоор хандан, задалсан будаагаа авчирч лабораторийн шинжилгээнд хамруулахыг хүслээ.