“Наадам болох гэж байхад юуны чинь улс төр” гэж У.Хүрэлсүх эгзгийг нь тааруулаад гарцгүй үнэн үг хэллээ. Нээрээ л наадам болох гээд Улсын Шадар сайд бөхөө барилдуулах зүлэг ногоон дэвжээ энэ тэр гэсэн цаг үеийн тулгамдсан асуудал шийдэж явахад нь “Танай МАН Засгийн газраас гарах юм уу” ч гэх шиг бэлгэ дэмбэрэлгүй юм асуусан тэр муу сэтгүүлч лав эмэгтэй байх. Угаасаа эмэгтэйчүүд богино ухаантай хойно. Хэзээ, хаана, хэнтэй, юу ярихаа мэддэггүй гэмтэй улс. Наадам дөхчихөөд байхад улс төр мөр, эдийн засаг масаг гэж тулга тойрсон юм ярьж хүмүүсийн наастрыг хорлохоо боливол яадаг юм. Гадаадын хөрөнгө оруулагчид хүртэл манай төрийнхний ажил төрлийн аргагүй байдал, ард олны сэтгэл санааны онцлогийг ойлгодог болчихсон, дуугүй сууж байхад чинь.
Соёлтой хүмүүс ийм гоё, аягүй хүлээцтэй, тэвчээртэй. Сайхаан сайхан, наадмаа л сайхан ярья. Алив тэр магнитафоноо тавиатах даа. “Найраг уншаад, айраг уугаад, дуулж явна аа би-ии-ии хө”. За ингээд гол асуудалдаа оръё. Одоо Монголын хамгийн чухал ажил үндэсний бөхийн барилдааны зүүний магнайг тодруулах асуудал болоод байна. Энэ цагийн ойгүй их хүчтэнүүдийн наран ургах зүүн жигүүрийг хэн магнайлах вэ гэдэг чинь юун Тавантолгой, юун Оюутолгой. Арван хоёрхон хоногийн дараа наадам эхэлнэ. Тэр өглөө зүүний магнайд хоёр дархан аварга маань хоёулаа бүр яг зэрэгцээд зогсож байх эвгүй нөхцөл бүрдчихлээ. Дархан аварга А.Сүхбат “Ноднин би зүүнийг магнайлсан. Цаашид ч магнайлна” гэв. Дархан аварга Г.Өсөхбаяр “Ноднин цаг тулаад, наадамчин олноо хүндэтгэж би буулт хийсэн. Энэ жил хууль дүрмийнхээ дагуу би магнайлна” гээд байдаг.
Бөхийн хорхойтнууд хоёр аваргаа тээр жилийнх шиг нэг нь тийрсэн, нөгөө нь тангаруулсан гэх хэл аманд аль болох орооцолдуулахыг хүсэхгүй байгаа учир хайныг нь Бөхийн холбоо бушуухан л хагалаад өгөөсэй гэсэн хүлээлттэй харагдах юм. Гэтэл Бөхийн холбоо “Хоёр аваргын эрэмбийг шийдэхэд манай холбоо хүчин мөхөс бөлгөө. Учир иймд Наадмын комисс нэг тийш болгож өгмой” хэмээв. Харин Наадмын комисс “Ийм юм болсон нь тун ч тоогүй. Бөхийн холбоо учрыг магадалбал нэн зохистой ажгуу” гэсэн хариуг эргэн барив. Энэ дундуур Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан орж ирээд “Ерөнхийлөгчийн зарлигаар дархан аварга цол олгосон үнэмлэхийн дугаараар бол А.Сүхбат зүүнийг магнайлна. Яагаад гэвэл А.Сүхбат 08, Г.Өсөхбаяр 09 дугаарын үнэмлэхтэй” гэх нь тэр. Үнэмлэхийн дугаараар эрэмбэ тогтоох боломж математик утгаараа байж болох л доо.
Гэхдээ жаахан шударга бус ч юм шиг. Ерөнхийлөгч үр дагаврыг нь тооцоод адил дугаартай үнэмлэх бичиж, яг олгохдоо удирдаачийн дохиураар нэгэн зэрэг гардуулах байж гэж харамсаж байгаа байх даа. П.Цагааны тайлбарыг сонссон Бөхийн холбоо нойрноосоо гэнэт сэрэв бололтой, “Ерөнхийлөгчийн Тамгын газар бөхчүүдийн эрэмбийг тогтоодог газар биш. Хууль дүрмээрээ бол Г.Өсөхбаяр магнайлна” гэж шаварт унасан шарын эзэн шиг дуугарлаа. Гэсэн ч А.Сүхбат аварга “Зүүнээ магнайлна” гэж тас гүрийсэн байдалтай байж байх юм даа. (Бөх мэддэггүй зарим хүнд мэдээлэл болгож хэлэхэд, үндэсний их баяр наадамд гурвантаа түрүүлсэн “жижиг” хэмээх А.Сүхбат аварга 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойн барилдааны үеэр зодог тайлахаа гэнэт мэдэгдсэн цочир явдлаас хойш найман жилийн дараа буюу 2014 онд “дархан аварга” цол авсан. Тэрбээр өнгөрсөн жилийн наадмаар энэхүү цолоо хүндэтгэн анх удаа зодоглосон билээ. Өнөө жил мөн барилдах бөгөөд энэ наадмаар зодгоо эргэн өмссөнийх нь хоёр жилийн ой болох юм).
Одоо тэгээд яах вэ? Дархан аваргуудын хэн нь зүүнийг магнайлж, ам авахыг хэрхэн шийдэх вэ? Монгол нэгэнт бөхийн орон учраас наадмаас өмнө шийдэлд хүрэх нь амин чухал билээ. Бөх сонирхогчид янз бүрийн санал гаргаж байгаагийн заримаас цухас дурдъя.
Хувилбар 1. “УИХ-аар шийдүүл” гэж байна. МАН-аас Б.Бат-Эрдэнэ, АН-аас Х.Баттулга нарын гишүүн-бөх хамтран Зүүний магнайн тухай хуулийн төсөл яаралтай санаачилж, Байнгын хороодоор гялс хэлэлцүүлэн, чуулганд оруулах. Жич: А.Сүхбат АН-ын идэвхтэй гишүүн, Г.Өсөхбаяр МАН-д нөлөө бүхий найзуудтай тул аль алиныг нь лообий хэрэглэхээс тусгаарлан харилцаа холбоог түр таслах.
Хувилбар 2. “Бүх ард түмний санал асуулга явуул” гэж байна. Дархан аваргууд соёлын өв тээгчдийнхээ хувьд хууль дүрмээс илүүтэй ард олныхоо саналыг хүндэтгэх өндөр магадлалтай. Олигтой шийдэл, гарц зааж өгөхгүй байгаа Монголын үндэсний бөхийн холбоо, Улсын баяр наадмын комисс, Ерөнхийлөгчийн Тамгын газраас санал асуулга явуулах хөрөнгийг гаргуулсугай.
Хувилбар 3. “Дээрх хоёр аргыг хэрэглээд ч тусыг эс олбоос наадмын өглөө дархан аваргуудын хэн нь зүүний магнайд эрт ирж, түрүүлж байраа эзэлснээр нь ам авахуул” гэнэ.
Хувилбар 4. “Дээрх гурван аргыг хэрэглээд ч учир нь олдохгүй бол шодож шийд” гэнэ.
За, нэг иймэрхүү будилж мунгинасан гарц хайгаад ч болов зүүний магнайгаа наадмаас өмнө нэрлэж, аваргуудаараа зөвшөөрүүлж авахгүй бол... Энэ зун, намрын гол ажил нурж, хойтон жилийн наадам болтол зутрах вий. Наадам болох гэж байхад зарим нэг үл бүтэх, санаа муутай нөхөр хөдөөгүүр ган гачиг болж байна, мал зутарлаа, ургацын 30 хувиа алдах аюул нүүрлэлээ гэсэн хар пиар түгээгээд байгаа нь харамсалтай. Юун ган, гол нь наадам биз дээ. Наадмаа гоё хийхгүй бол дэлхийн хэвлэлийн шившиг болох байх шүү. Санхүүгийн ертөнц эмзэг. Наадмаас болоод цаанадаж хөрөнгийн зах зээл дэх Монголын нэр төр шороотой хутгалдаж мэднэ. Наанадаж олон зуун жуулчин юу ч гэж бодоо билээ. “Энэ наадмыг ёстой яасан ч үзэхгүй ээ” гээд үүргэвчээ үүрээд ярвайчихвал баларна. Хүний сэтгэлд юм хийчихнэ.
Б.ЭНХЦЭЦЭГ