“Ньюком” группийн охин компани “Клин Энержи” Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 мВт-ын хүчин чадалтай салхин станцыг ашиглалтад оруулж, Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлж эхэлсэн. Анхны томоохон гэх тодотголтой тус станцын “дүү” болох учиртай хэд хэдэн салхин цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэхээр ярьж буй ч хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна.
Уг нь зөвхөн Өмнөговь аймгийн салхины нөөц гэхэд 300.000 мВт гэсэн тойм судалгаа бий. Түүнчлэн Монгол Улсад салхи болон нарны эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх боломжтой газар нутгийн хэмжээ 400.000 ам км гэдэг. Иймээс ч шавхагдашгүй нөөцөө ашиглан эрчим хүч гарган авах, цаашилбал экспортлох боломжтой талаар мэргэжилтнүүд ярьдаг. Гэхдээ бас шийдэх шаардлагатай тодорхой асуудал бий. Тодруулбал, “Салхит” станцад өдөр үйлдвэрлэсэн бүх эрчим хүчийг нь худалдан авдаг ч шөнө хязгаарлалт хийж буй юм. Тэгэхээр тодорхой хугацаанд нөхөхөөр төлөвлөж авсан санхүүжилтээ төлөхөд төслийнхөнд хүндрэл учирч байгаа хэрэг. Манай улсын эрчим хүчний хэрэглээ шөнө огцом багасдаг учраас тэр үед хязгаарлахаас өөр аргагүй гэж салбарын мэргэжилтэн дуулгав. Эндээс диспетчерийн горим төлөвлөлтийг зохистой хэмжээнд хийх шаардлагатай байсан нь ойлгогдоно.
Бидний нийлүүлсэн бүх эрчим хүчийг худалдан аваад, төлбөрийг нь төлнө хэмээн гэрээнд заасан гэж “Ньюком” группийнхэн мэдэгдэж байгаа. Гэтэл Эрчим хүчний яамны зүгээс Диспетчерийн үндэсний төвөөр зохицуулж, улмаар нийлүүлсэн эрчим хүчийг худалдан авахаар заасан гэж байгаагаас үүдэн үл ойлголцол үүсэж буй гэнэ. Товчхондоо, нэг нь манайд үйлдвэрлэсэн бүх эрчим хүчийг худалдан авна гэж ойлгосон бол, нөгөөх нь зохицуулах байгууллагаар дамжин ирж (хязгаарлаж), нийлүүлсэн эрчим хүчийг нь худалдан авна гэж үзэж буй хэрэг. Харин дараа дараагийн салхин цахилгаан станцуудтай худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа өмнөх алдаанаасаа суралцаж, бас уян хатан нөхцөл тавьж буйг салбарын яамныхан дуулгалаа. Одоогоор 3-4 компанитай дээрх гэрээг байгуулсан бөгөөд нэг кВт/цаг эрчим хүчийг дунджаар 9.5 центээр худалдан авах, 10-26 жилийн хугацаатай байхаар тусгажээ.

Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг “Сэргээгдэх эрчим хүчний төслийн нэг онцлог нь анхны хөрөнгө оруулалт өндөр байдаг” гэж ярьсан юм. “Салхит” станцын хөрөнгө оруулалт гэхэд 120 сая ам.доллар байжээ. 2013 оны зургадугаар сард “Салхит” станцыг ашиглалтад оруулах үед нэг ам.доллар 1300 төгрөгтэй тэнцэж байсан ч арванхоёрдугаар сар гэхэд 1890-д хүрч өссөн байна. Улмаар ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн ихээхэн зөрүү үүсэхэд нөлөөлсөн аж.
Салхин паркаас нэг кВт/цаг эрчим хүчийг 9.5 центээр худалдан авч байгаа. Тэгвэл ДЦС-ууд дунджаар 48-70 төгрөгөөр үйлдвэрлэж байгаагийн хооронд багагүй зөрүү буй нь зарим талаар шүүмжлэл дагуулах нь бий. Гэтэл 9.5 цент гэдэг нь дэлхийн бусад салхин станцын жишиг үнэтэй харьцуулахад тийм ч өндөр биш гэнэ. Нөгөөтэйгүүр, Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Товуудорж “Өнөөдөр манай улсад ажиллаж буй станцууд 30-40 жилийн насжилттай, дээд тал нь 50 жил болчихсон, хөрөнгө оруулалтаа нөхчихсөн, зөвхөн ашиглалтын зардлаар явж байгаа. Иймээс эрчим хүчний үнэ хямд байдаг. Гэтэл шинэ станцуудад гарааны тариф нэвтрүүлэхгүй бол тэдгээр эх үүсвэр нь ашиглалтын зардлаас гадна анхны хөрөнгө оруулалт, банкнаас авч байгаа зээл, түүний хүүг төлнө” хэмээн өмнө нь ярьж байсан юм.
Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал өнгөрсөн оны байдлаар 1178 мВт байв. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр эрчим хүч үйлдвэрлэлийн 96 хувь нь дулааны цахилгаан станцуудад ногдож байсан бол нар, салхины цахилгаан станцынх 2.3 хувь байгаа нь чамлалттай тоо. Нэгэнт гүйгүүл салхиа ашиглан эрчим хүч гарган авах боломж байгаа тул цаашид салхин станцууд байгуулах нь зөв хэмээн Эрчим хүчний яамныхан тооцож буй бөгөөд тохируулгын буюу усан цахилгаан станц барих нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж. УИХ-аас Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг 2005 оны нэгдүгээр сард баталсан. Уг хөтөлбөрт тусгасан эрчим хүчний нийт үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2020 онд 20-25 хувьд хүргэнэ гэсэн “мөрөөдлийн тоо”-нд очих хараахан болоогүйг дээр дурдсан тооноос харж болно.
УИХ энэ сарын 19-нд Эрчим хүчний тухай болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Уг нэмэлт, өөрчлөлт хэрхэн батлагдахыг хөрөнгө оруулагчид харзнасан тул манайд хэрэгжих төслүүдийн явц удааширчээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөд сэргээгдэх эрчим хүчний салбарынхныг дэмжих зохицуулалтыг тусгаж чадсан гэж мэргэжилтнүүд нь дүгнэж байна. Өнөөдрийн байдлаар “Айдинер Глобал” компани 50.4, “АБ Солар винд” 100, Сайншандын салхин парк 52, “Клинтек” 250, “Клин Энержи Ази” 50 мВт гээд нийт 502.4 мВт хүчин чадал бүхий салхин цахилгаан станц барихаар төлөвлөж буй юм. Тэдгээрийн заримынх нь явц ямар шатанд байгааг сонирхлоо.
ИМПОРТЫН ЦАХИЛГААНЫГ 13 ХУВИАР БУУРУУЛНА
Монголын “Ньюком” групп, Японы “Softbank Energy”-гийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Клин Энержи Ази” нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц барихаар төлөвлөн ажиллаж буй. Тэд шаардлагатай бүх зөвшөөрлийг аваад буй бөгөөд уг станцын цахилгаан худалдах, худалдан авах гэрээг 25 жилийн хугацаатай байгуулжээ. ТЭЗҮ-ийг нь боловсруулсан, 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тус станцад үйлдвэрлэх нэг кВт/цаг эрчим хүчийг 9.4 центээр борлуулах аж. Тэнд жилд 174 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх тооцоо гарсан байна. Бас импортын цахилгааныг жилд 13 хувиар бууруулах төдийгүй цахилгааныг дамжуулахад гарах алдагдлыг багасгах гэнэ.
Тус станцын хөрөнгө оруулагч нь Японы томоохон “Softbank” бөгөөд олон улсын бусад санхүүгийн байгууллагаас санхүүжилт авахаар төлөвлөж байгаа аж. Үүнд нийт 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай юм байна. Суурилагдсан хүчин чадлыг нь 250 мВт хүртэл өргөтгөх боломжтой гэсэн. “Ньюком” группийнхэн Цогтцэций суманд 2008 оноос судалгаа хийсэн бөгөөд салхины хурд хангалттай, байгууламж барихад тохиромжтой гэж дүгнэжээ. Тус станцын инженерийн ажлыг Шотланд улсад төвтэй “SgurrEnergy” хариуцах болсон тухай renews.biz цахим хуудсанд өнгөрсөн баасан гаригт мэдээлжээ. Энэ компани нь мөн “Салхит” станцын барилгын ажилд оролцсон туршлагатай юм байна.
“Клин Энержи Ази” компанийн Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Д.Ганхуяг “Манай улсын эрчим хүчний салбар онцлогтой. Өдөр, шөнийн эрчим хүчний хэрэглээний зөрүү их, хоёр хөршөөс импортын хараат гэдгээс шалтгаалж хэрэглээ багассан үед станцуудын ачааллыг бууруулдаг. Шөнө ОХУ руу бага үнээр эрчим хүч нийлүүлдэг учраас станцуудын үйлдвэрлэх эрчим хүчинд тодорхой хэмжээний хязгаарлалт, зохицуулалт хийдэг. Үүнд “Салхит” ч багтаж байгаа. Цогтцэцийд хэрэгжүүлэх дараагийн төслийн хувьд бид эрчим хүчний системийн онцлогийг ойлгож байна. Тодорхой хугацаанд хязгаарлалт хийж, эрсдэлтэй байх нь ойлгомжтой. Санхүүжүүлэгч зөвшөөрөх хэмжээнд хязгаарлалтыг хүлээн зөвшөөрье гэж байгаа. Цаашид байнга ийм байна гэж байхгүй, шинээр усан цахилгаан станц баривал байдал өөрчлөгдөнө гэж харж байна” гэв.

ХАНБОГД СУМАНД БАРИХ СТАНЦЫН АЖИЛ ХОЙШИЛЖЭЭ
“Клинтек” компани Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт, Гашуунсухайтын боомтоос 37 км зайд 250 мВт хүчин чадалтай салхин цахилгаан станц барихаар ажиллаж буй. Уг төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжинд 102 мВт-ыг нь ашиглалтад оруулах юм. Барилгын ажлыг намар эхлүүлэхээр төлөвлөж байсан ч хөрөнгө оруулагчид харзнах шийдвэр гаргасантай холбоотойгоор хойшилж магадгүй байгаа гэнэ. “Салхит” станцын үйлдвэрлэж буй эрчим хүчийг хязгаарлаж буйтай энэ нь холбоотой аж. Хөрөнгө оруулагчид хэзээ шийдвэрээ гаргах нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. “Клинтек” нь Шведийн “Happy Wind Holding”, АНУ-ын “General Electric”-тэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар төлөвлөн, ажиллаж байгаа билээ.
Төслийн хөрөнгө оруулалт 170 орчим сая ам.доллар хэмээн өмнө нь тооцоолж байсан ч дээрх тоо 200 сая болж нэмэгджээ. Станцын барилгын ажлыг эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг урд хөршийн “Sino¬hydro” компани гүйцэтгэх юм. Барилгын ажлыг харьцангуй богино хугацаанд гүйцэтгэх боломжтой хэмээн тэд үзэж буй.
САЙНШАНДЫН САЛХИН СТАНЦЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭНЭ ОНД ЭХЛҮҮЛЖ АМЖИХГҮЙ
Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос таван км зайд, Улаантолгойд 52 мВт хүчин чадалтай салхин станц барихаар төлөвлөж буй. Уг “Сайншанд салхин парк” төслийн гол хувьцаа эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч ХБНГУ-ын “Ферростаал индустриал прожектс” компани өнгөрсөн дөрөвдүгээр сард барилга угсралтын бэлтгэл ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байсан ч хойшлуулжээ. Эрчим хүчний тухай болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсонтой холбоотойгоор хөрөнгө оруулагчид хүлээзнэж буй учраас тэр гэнэ. Улмаар барилга угсралтын бэлтгэл ажлыг наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ. “Сайншанд салхин парк” компанийн гүйцэтгэх захирал Р.Давааням “Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт орууллаа. Эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих хууль баталсан гэж үзэж байгаа. Хөрөнгө оруулагчид шийдвэрээ нааштай гаргах байх. Ирэх (энэ) долоо хоногоос хөрөнгө оруулагчидтай уулзана” хэмээн өгүүлэв. Станц барихад шаардлагатай хөрөнгийн 70 хувийг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас авна гэдгийг тэрбээр хэллээ. Тус төсөлд 110 орчим сая ам.долларын хөрөнгө оруулахаар байгаа бөгөөд олон улсын тэргүүлэх банк, санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт авах аж. Зээл олгох сонирхолтой гэдгээ ч олон байгууллага мэдэгдээд буй юм билээ.
Наймдугаар сард багтан хөрөнгө оруулагчид шийдвэр гаргалаа гэхэд барилгын ажлаа эхлүүлэх хугацаа хойшилж магадгүй гэнэ. Улмаар өвлийн улиралд, 4-5 сарын хугацаанд зээлийн хүү төлөхийн оронд ирэх жилийн гуравдугаар сараас барилга угсралтын бэлтгэлээ эхлүүлэх талаар ярилцаж буй аж. Дээрх хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой хэмжээгээр нэмэгдэж магадгүй бололтой.
Сайншандын салхин парк нь жилд 190 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх юм. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг 2012 онд байгуулсан бөгөөд өнгөрсөн онд шинэчилжээ. Нэг жилийн хугацаанд хийсэн судалгааны дүнд салхины дундаж хурд 7.4 м/секунд байсан нь Монгол Улс салхины эрчим хүчний ихээхэн нөөцтэйг баталгаажуулсан юм байна. Станцын барилга угсралтын ажлыг 18 сарын хугацаанд хийх боломжтой гэнэ. Сайншандад салхин цахилгаан станц барьснаар жилд 100.000 гаруй өрхийн хэрэглээтэй дүйх эрчим хүч үйлдвэрлэн, төвийн бүсийн сүлжээнд нийлүүлэх ач тустай.
Дэлхийн улс орнууд эрчим хүчний системдээ өөрчлөлт хийн, “ногоон” эрчим хүч үйлдвэрлэхэд анхаарч буй. Өнгөрсөн онд Хятад улс салхинаас эрчим хүч гарган авах хүчин чадлаа 87 гВт-аар нэмэгдүүлжээ. Энэ онд дахин 100 гВт-аар өсгөхөөр төлөвлөж байх жишээтэй.
Ц.БОЛОРМАА