Нийтийн тээврийн автобус хэтэрхий эрт зогсож байгаа талаар иргэд гомдол гаргадаг. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын олон нийттэй харилцах ажилтан Д.Болдоос тодрууллаа.
-Автобуснууд цагийн ямар хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх ёстой вэ?
-Зун ажлын өдрүүдэд байршлаасаа шалтгаалаад өглөө 06.45-аас 06.52, орой 22.30 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 08.00-21.30 цаг хүртэл явдаг. Зургадугаар сараас сургуулиуд амардаг болохоор шугаманд явж буй автобуснуудын 40 хувийг зогсоодог.
-21.30 цаг гэхэд л зарим автобус зогсчихдог гэж иргэд гомдол гаргадаг. Таны хэлсэн хуваарийн дагуу бол 22.30 цагт зогсох ёстой юм байна. Автобус баазын ажилчдыг хянадаг уу?
-Хяналт тавьдаг байцаагч нар байдаг. Гэхдээ тэд Хөдөлмөрийн хуулийн дагуу найман цаг ажилладаг. Ажлын өдрүүдэд 06.45-аас, амралтын өдрүүдэд 08.00 цагаас ажил нь эхэлдэг. Өглөө автобус яг тоо ёсоороо гарч байна уу гэдгийг хянадаг.
-Тэгвэл хяналтын байцаагч нар ажлаасаа бууснаас хойш хяналтгүй болдог гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Гэхдээ гол гол цэгт хяналтын диспетчер байрладаг. Жолооч дэргэдүүр нь өнгөрөхөд бидэнд мэдэгддэг. Сүүлийн эргэлтээ хийхгүйгээр буцдаг автобусны жолооч нарыг бүгдийг нь илрүүлэх боломжгүй.
-Хуваариараа яваагүй жолооч нарт хариуцлага хүлээлгэдэг үү?
-Иргэдийн санал, гомдолд тулгуурлан хариуцлага хүлээлгэдэг. Тухайн автобусны жолоочид 30-40 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг. Хэрэв удаа дараа зөрчил гаргавал тухайн жолоочийг цалингийн доод хэмжээгээр, автобус компанийг 300-400 мянга хүртэлх төгрөгөөр торгодог. Нийслэлийн Тээврийн газраас удирдлага мэдээллийн системтэй “ухаалаг” автобус нэвтрүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор уг автобусыг шугаманд яваад эхлэхээр Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа бүх автобус заасан цаг, маршрутаар явж эцсийн буудал дээр очиж байна уу гэдгийг нэг төвөөс нарийн хянах боломжтой болно.
Г.АРИУНХЭРЛЭН