Хүүхдийн зусланд амрахыг хүсдэггүй хүүхэд байдаг болов уу. Гэвч амьдралын боломж нөхцөлөөс шалтгаалаад хүүхэд бүр хүслээ биелүүлж, зусланд амарч чаддаггүй. Тэгвэл нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ зун амьдралын түвшин доогуур 400-гаад хүүхдийг зусланд амраахаар болсон. Нийгмийн халамж үйлчилгээний газрын орлогч дарга Н.Энхсайхан өнгөрсөн баасан гаригт тэдгээр хүүхдэд батламжийг нь гардууллаа. Нийслэлийн есөн дүүргийн амьдралын түвшин доогуур айл өрхүүдээс гадна Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн холбоо, Хүүхэд хөгжлийн төвийн бүртгэлд байдаг, хөдөлмөр эрхэлдэг, хараа хяналтгүй, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээс сонгон “Нарс”, “Нарлаг”, “Хайрын бэлэг”, “Янзага”, “Ундраа” зэрэг 11 зусланд хоёр ээлжээр амраах юм байна.
“Өнгөрсөн жил 300 хүүхдийг энэ хөтөлбөртөө хамруулж хүүхдийн зусланд явуулж байсан. Энэ зун 400 хүүхэд амраана. Хөгжлийн бэрхшээлтэй арван хүүхдийн дунд нэг багш томилж, зуслан бүрт ойролцоогоор 30 гаруй хүүхэд амраах бөгөөд энэ ажилд 50 орчим сая төгрөг төсөвлөөд байна” хэмээн нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Ариунгэрэл ярилаа.
Зусланд амрах болсон ихэр ах дүү Г.Алтанбагана, Г.Мөнгөнбаганаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэд есөн настай.
-Та хоёр хаана сурдаг вэ?
-Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн хоёрдугаар ангид сурдаг.
-Ямар хичээлдээ илүү дуртай вэ. Том болоод ямар хүн болохыг хүсдэг вэ?
Г.Алтанбагана: -Би монгол хэлний хичээлдээ илүү дуртай. Том болоод багш болно.
Г.Мөнгөнбагана: -Харин би тооны хичээлд дуртай. Барилгачин болохыг хүсдэг. Тэгээд олон өндөр байшин барина.
-Өмнө нь зусланд амарч байв уу?
-Бид өмнө нь зусланд амарч үзээгүй. Харин одоо амрах гэж байгаадаа үнэхээр их баяртай байна. Гоё зусланд явуулж өгч байгаа ах эгч нартаа баярлалаа.
Д.БАДМААРАГ