Хятадын тэрс үзэлт зураач Ай Вейвей Бээжин дэх урланд нь сонсох төхөөрөмж тавьсныг харуулсан фото зургийг цахим сүлжээнд байрлуулжээ. Түүнийг Герман руу яваад ирснийх нь дараа засвар хийж байгаад уг төхөөрөмжийг илрүүлсэн аж. Дөрвөн жилийн өмнө хүүг нь баривчлах үеэр гэр, урланд нь нэгжлэг хийхдээ л сонсох төхөөрөмж тавьсан гэж зураачийн ээж үзэж байна.Ай Вейвей ХКН-ыг эртнээс шүүмжилж ирсэн бөгөөд 2011 онд түүнийг 81 хоног хорьж байжээ. Сүүлд нь татвар төлөөгүй хэмээн үзэж 15 сая юань (2.25 сая ам.доллар)-иар торгож байв. Энэ бүхнийг улс төрийн сэдэлтэй гэж зураач үздэг.