Хүйтэн дайны үед Орос, Америк улс салбар бүрт өрсөлдөж байлаа. Ялангуяа сансрыг эзэмших, саранд хүрэх асуудал аль алиных нь хувьд хамгийн чухал өрсөлдөөн болж байсан юм. Тиймдээ ч урд хойноо орон огторгуй руу тэмүүлж, олон ч сайхан амжилт байгуулсан. Гэхдээ ЗХУ энэ тал дээр үргэлж нэг алхам урд явсныг түүх гэрчилнэ. Ингэснээр Нэгдсэн улсын толгойны өвчнийг намдаах боломж олгохгүй байсаар 1969 онтой золгосон. Тухайн оны долдугаар сарын 20-нд Америкийн “Аполлон-11” сансрын хөлөг саран дээр буусан талаарх мэдээлэл дэлхийн чихийг дэлдийлгэсэн. Хөлгийн гишүүн Нил Армстронг, Эдвин Олдрин, Майкл Коллинз нар дэлхийн дагуул дээр ойролцоогоор 21 цаг ажилласан гэдэг. Тэгвэл ийм үйл явдал болоогүй, хүйтэн дайны өрсөлдөөнөөс үүдэлтэй зохиомол түүх гэхчлэн үгүйсгэдэг хүмүүс бий. Тэр ч бүү хэл одон орон судлаач зэрэг эрдэмтэн, мэргэжилтнүүд ч энэ талаар үгүйсгэсэн өөрсийн хувилбарыг дэвшүүлсэн байдаг. Ямартай ч, америкчууд саран дээр очоогүй гэж үгүйсгэдэг хэсэг орос хүн түүхийн “агуу төөрөгдлийг” залруулан, Нэгдсэн улс булхайцсан гэдгийг илчлэх зорилгоор судалгаа хийх хөрөнгө босгох хандивын аяныг энэ сарын 1-нд эхлүүлжээ. Эхний дөрвөн өдрийн байдлаар тэднийг дэмжигчид нэг сая гаруй рубль хандивласан аж. Төслийн удирдагч Егоровын мэдээлснээр саран дээр хүн очоогүйг батлахаар ажиллаж буй багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн судлаач, эрдэмтэд байгаа учраас хүмүүс ингэж итгэл хүлээлгэж буй бөгөөд 30-50 сая рубль цуглуулж чадвал судалгаа, нотолгоог сансарт, бүр тодруулбал саран дээр хийх төлөвлөгөөтэй гэнэ.