Энэ сарын 7-ны лхагва гаригт Йемен улсын нийслэл Сана хотоос зүүн урагш 113 километрт орших Дамар мужид Арабын улсуудын эвслийн нисэх хүчин цохилт өгөхөд босогч хоуситуудын нэг омгийн ахлагчийнх нь гэр өртжээ. Тэнд хурим болж байсан аж. 15 хүн амиа алдаж, 25 хүн шархдаж гэмтсэн байна. Яг ийм явдал есдүгээр сарын 28-нд Йемений өмнөд нутагт тохиолдсон аж. 130 хүний амь үрэгджээ.Эрх баригчдын бодлого, үйл ажиллагаанд сэтгэл дундуур байсан хоуситууд 2014 оны есдүгээр сард нийслэл хотоо эзэлж авсан юм. Стратегийн ач холбогдолтой Аден хотыг босогчид 2015 оны гуравдугаар сард авсны дараа Ерөнхийлөгч Абд-Раббо Мансур Хади нь Саудын Араб руу зугтаж байв.