Умард Америкийн Агаар-сансрын батлан хамгаалах нэгдсэн командлалын дарга, адмирал Уильям Гортни лхагва гаригт Атлантын зөвлөлийн хурал дээр үг хэлэхдээ, пуужингийн тусламжтайгаар Америкт цөмийн цохилт өгөх чадал Умард Солонгост бий, манай цэргийнхэн ч үүнийг эсэргүүцэх чадвартай гэсэн байна. Энэ адмирал АНУ-ын Зэвсэгт хүчний умард командлалыг бас тэргүүлдэг юм байна. Умард Солонгосын удирдагч ямар ааш гаргахыг урьдчилан тааварлахад түвэгтэй гэж тэрбээр нэмж хэлжээ. Хэрэв Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун бидний эсрэг ямар нэг юм харвах тэнэг ухаан гаргавал бид 24 цагийн дотор бэлэн байдалд орж чадна. Тэдний харвасан бүхнийг устгаж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна гэж Уильям Гортни хэлсэн байна.Умард Солонгос ураны хүдэр олборлож, боловсруулах үйлдвэрээ шинэчлэн сайжруулж байгаа бөгөөд түүнээс гаргасан бүтээгдэхүүнийг цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж болзошгүй гэх мэдээлэл урьд нь олны сонорт хүрч байсан юм.