Монгол, Францын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд манай улсын онцгой байдлын байгууллага тус орны Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран аврах ажиллагааны нэгж байгуулах төсөл хэрэгжүүлж буй билээ. Үүний хүрээнд ОБЕГ-ын харьяанд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг өнгөрсөн жил байгуулсан юм. Тэгвэл эл ангийг өнгөрсөн баасан гарагт албан ёсоор нээж, үйл ажиллагааных нь чиглэл, цар хүрээг олон нийтэд танилцууллаа.
Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид өнөөдрийг хүртэлх хугацаанд 86 удаагийн дуудлагаар 237.3 цагийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, эрүүл мэндийн хүнд заалттай, газраар тээвэрлэх боломжгүй, амиа алдах өндөр эрсдэлтэй 120 хүний аюулгүй байдлыг хангаж, эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүргэжээ. Төслийн хүрээнд манай улсын онцгой байдлын байгууллагад евро стандартын шаардлага хангасан нислэгийн болон аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж, иж бүрэн дэд бүтэц бүхий, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх боломжтой нисдэг тэргүүдийг нийлүүлсэн байна. Мөн 12 хүнийг нисгэгчээр бэлтгэжээ.