НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр болгон зарласан. Тус өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газраас эрдэм шинжилгээний хурлыг “Хөгжлийн бэрхшээл судлал ба тэгш хүртээмж-2023” сэдвийн хүрээнд зохион байгуулав.
Хуралд нийт 100 судалгааны өгүүлэл ирүүлснээс шилдэг найман илтгэлийг хэлэлцүүлж, салбар салбараа төлөөлсөн долоон шүүгчдийн онооны нийлбэрээр шагналт дөрвөн байр шалгарууллаа.
Үүнд:
I байр: Нийслэлийн 186-р цэцэрлэгийн хөдөлгөөн засалч, хэл засалч Л.Лхагвасүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын “Аутизмын хүрээний эмгэг /АХЭ/-тэй хүүхдүүдэд зураг солилцох харилцааны систем (PECS)-ийг ашигласан үр дүн”,
II байр: МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухаан салбарын Сэтгэл судлалын тэнхимийн оюутнууд О.Анужин, Н.Болортунгалаг, Э.Жаргал, С.Хишигжаргал нарын “Сурагчдын бусдыг энэрэх чадвар болон академик чадвартаа итгэх итгэлд тэгш хамруулах боловсролын үзүүлэх нөлөөг судалсан нь”,
III байр: Түгээмэл хөгжил төвийн Я.Авирмэд ахлагчтай баг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний орон байрны эрхийн талаарх мониторинг”,
IV байр: МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухаан салбарын Социологи, нийгмийн ажлын тэнхимийн магистрант Х.Батчимэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд тулгардаг саад бэрхшээл, асуудал, шийдэл” сэдвээр тавигдсан илтгэлүүд тус тус шалгарсан байна.