“Олон улсын Эмнести Интернэшнл”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламардаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жил, Хүний эрх хамгаалагчийн тухай тунхаглалын 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт нээлттэй захидал илгээлээ. Тус захидалд “Эмнести Интернэшнл нь шударга бусын эсрэг 10 сая гаруй хүнийг нэгтгэсэн дэлхий дахины хөдөлгөөн юм. Бид хүн бүр эрхээ эдэлдэг дэлхий ертөнцийн төлөө, үүний дотор дэлхий даяарх хүний эрх хамгаалагчид аюулгүй орчинд үйл ажиллагаагаа явуулдаг байхын төлөө кампанит ажил өрнүүлдэг. Олон улсын хүний эрх хамгаалагчдын өдрийг тохиолдуулан би Монгол Улсын Их Хурлаас 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Азидаа анхдагч орон болсонд гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Монгол Улс хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд хүний эрх хамгаалагчдын оруулж байгаа хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, 2022 онд уг хуулийг хэрэгжүүлэх механизмыг амжилттай байгуулсанд Эмнести Интернэшнл сайшааж байна. Түүнчлэн 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар хүний эрх хамгаалагчдын асуудлаарх тогтоолыг өргөн мэдүүлэхэд Монгол Улс хамтран оролцсон явдалд Эмнести Интернэшнл талархаж байна” гэлээ.
Мөн Монгол Улсын Их Хурлаас хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг практикт үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч, тус хуулиар хүний эрх хамгаалагчдыг бүрэн хамгаалахын тулд хүний эрх зөрчигчдөд хариуцлага тооцохыг шаардсан идэвхтний дуу хоолойг боомилж болзошгүй хуулийн цоорхойгоо арилгаж, хүний эрх хамгаалагчдад тайван замаар үйл ажиллагаагаа явуулах аюулгүй орчинг бүрдүүлэхийг Эмнести Интернэшнлээс уриаллаа.
“Хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, бодитойгоор эдлүүлэхэд хүний эрхийн боловсрол чухал хувь нэмрээ оруулдаг. Монгол Улс нь хүний эрхийн боловсролыг зөвхөн бага, дунд, дээд боловсролын тогтолцоонд заахаас гадна цагдаа, хуулийн мэргэжилтнүүд, шүүх захиргааны байгууллагын ажилтнууд зэрэг төрийн бүх албан хаагч, албан тушаалтныг хүний эрхийн боловсрол, сургалтаар үргэлжлүүлэн хангах ёстой. НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлөөс 2011 оны гуравдугаар сарын 23-ны өдөр баталсан Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай НҮБ-ын Тунхаглалаар хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг дэмжих зорилгоор хүн бүр боловсрол эзэмших эрхтэй гэдгийг дахин баталгаажуулсан билээ. Улс орнууд хүний эрхийн боловсрол, сургалтыг дэмжих, явуулаx үндсэн үүрэгтэй болохыг зарлан тунхагласан. Энэ Тунхаглал нь Улс орнуудын зүгээс хүний эрхийн боловсролыг тууштай дэмжиж байгаагaa харуулax гол баталгаа юм” гэдгийг тэрбээр онцоллоо.
Түүнчлэн “Бид Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ой тохиолдуулан Монгол Улс бүс нутгийн хэмжээнд хүний эрхийн боловсрол олгогч, бодлого боловсруулагчдад зориулж олон улсын жишигт нийцсэн хүний эрхийн боловсролыг түгээх, суралцах, хамтын ажиллагааны Азийн Хүний Эрхийн Боловсролын төв байгуулах амлалт авахыг уриалж байна. Монгол Улс нь үндэсний болон бүс нутгийн хэмжээнд хүний эрхийг хүндэтгэсэн нийгмийн соёлыг төлөвшүүлж, бүх нийтээр хүндэтгэн сахих явдлыг хөхиүлэн дэмжих хүчин чармайлтаа эрчимжүүлэх ёстой” гэдгийг дурдлаа.