Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт дулааны шугам задарсны улмаас 16 дугаар сургуулийн сурагчдыг өчигдрөөс цахимаар хичээллүүлж эхэлжээ. Тус сургууль 2800 гаруй сурагчтай бөгөөд тэднээс төгсөх ангийнхныг түрээсийн байранд хичээллүүлж, бусдыг нь цахимаар суралцуулах зохицуулалт хийсэн гэнэ. Ерөнхий боловсролын сургуулиудын 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал өнгөрсөн сарын 27-нд эхэлсэн. Тэр үеэс л сургуулийн халаалт муу байжээ. Тийм учраас хүүхдүүд гадуур хувцастайгаа хичээллэж байсан бөгөөд өнгөрсөн баасан гаргаас халаалт нь бүр тасарсан аж. Хүйтний эрч эрс чангарсан, ханиад, томуу ихтэй үед сурагчдыг хүйтэн танхимд хичээллүүлэхийг эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөлөл удаа дараа эсэргүүцэж, сургуулийн удирдлагад гомдол гаргасан юм байна.
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын инженер, техникийн ажилтнууд дулааны шугамын гэмтлийг засахаар ажиллаж буй аж. Гэвч уг ажил хэзээ дуусаж, сурагчид танхимд хичээллэх нь одоогоор тодорхойгүй гэдгийг 16 дугаар сургуулийн удирдлага хэлэв. Тус сургуулиас гадна 69, 234 дүгээр цэцэрлэг ч халаалтгүй болж, хүүхдүүдийг хүлээн авах боломжгүйд хүрчээ. Тухайн хэсэгт хэрэглээний хэт их ачаалал үүссэн, бас дулааны шугам хэт хуучирч муудсанаас үүдэн гэмтэл гарсан байж болзошгүй гэнэ.
Ч.Зул