Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн гишүүн буюу академичид нэр дэвшигчдийг тодруулжээ. Тус академийн гишүүнийг сонгох журмын дагуу салбарын бага чуулган, төрөлжсөн академиудаас нэр дэвшигчдийг эхний ээлжид шалгаруулдаг. Үүний дагуу энэ жил найман эрдэмтнийг академичид нэр дэвшүүлжээ. Тухайлбал, хими, биологийн салбараас Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Я.Адъяа, техник, технологийнхоос ШУА-ийн Техник, технологийн салбарын бага чуулганы гишүүн, доктор, профессор Х.Бадамсүрэнг сонгожээ.
Хөдөө аж ахуйн салбараас Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор М.Бямбасүрэн, нийгмийн шинжлэх ухаанаас ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор А.Даваасүрэн нар академичид нэр дэвшихээр болсон байна. Геологи, газар зүйн салбараас ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Дагвадорж, анагаах ухаанаас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх, доктор, дэд профессор Ж.Оюунбилэгийг нэр дэвшүүлэв.
Физик, математикийн салбараас ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн профессор, доктор Д.Цэдэнбаяр, хүмүүнлэгийн ухаанаас ШУА-ийн дэд ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Цэрэндоржийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Эдгээр эрдэмтэнд академич цол олгох, эсэхийг энэ сарын 20-нд болох ШУА-ийн их чуулганаар шийдвэрлэх аж.
М.Оч