Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” гэдэг хөтөлбөр санаачилж, түүнийгээ УИХ-аар батлуулан попорсноос хойш таван жил өнгөрсөн. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь битгий хэл, өдгөө бараг мартагдаж буй. Ийм маягаар янз бүрийн мөрөөдөл жагсаан бичсэн цаас үйлдвэрлэдэг дарга нарын санаачилгын нэг нь “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” юү гэдэг асуулт бидний өмнө байна. Ер нь Улаанбаатар шинэ ерөнхий төлөвлөгөөтэй болсноор суурь асуудлууд шийдэгдэх юм уу гэдэг нь ч эргэлзээтэй. Бас ямар тооцоо судалгаанд үндэслээд дээрх төлөвлөгөөний төслийг боловсруулчхав гэдэг нь тодорхойгүй. Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ерөнхий төлөвлөгөөний төслийг өнгөрсөн сарын 9-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Улмаар парламентаар хэлэлцүүлэхийг гишүүд дэмжээд байгаа. УИХ-ын ирэх хаврын чуулганаар хэлэлцэх гол асуудлуудын нэг нь уг төсөл байх төлөвтэй.
Нийслэлийн ИТХ-аасаа эхлээд УИХ-ын гишүүд хүртэл шат шатны албан тушаалтнууд уг төлөвлөгөөний талаар ярьж, сурталчилсаар байгаа. Улмаар хотын удирдлагууд, холбогдох байгууллагын дарга нар нь Улаанбаатар хот ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх талаарх сүржин мэдээлэл хийх нь ч хэрээс хэтэрлээ. Утааны улмаас бараг л өдөр тутам хүн угаартаж байхад хүртэл албаныхан 15 жилийн дараах алсын төлөвлөгөө ярьсаар байна. Яг одоо, өнөөдөр юу хийхээ ярьдаг дарга үгүй болов. Гэвч шинэ төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ гээд байгаа санаачилгуудыг нь харахаар дарга нар Улаанбаатарыг 2040 оноос л хөгжүүлнэ гэж иргэдийг даапаалж эхлэв үү гэсэн хардлага төрнө.
236.2 их наяд төгрөг хэр их мөнгө вэ
15 жилийн дараа Улаанбаатарыг 14 дагуул хоттой болгоно гэж “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд тусгажээ. Хэсэгчилсэн дулааны эх үүсвэрийг 15 байршилд байгуулна гэх мөрөөдлийг ч үүнд багтаасан байгаа юм. Улаанбаатар хотын айл өрхүүдийн 44 хувь нь өдгөө гэр хороололд амьдарч буй. Тэгвэл эл үзүүлэлтийг есөн хувьд хүргэж бууруулах гэнэ. Мөн авто замын сүлжээг одоогийнхоос 10 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тэр битгий хэл, нийслэлд 23 мега төсөл хэрэгжүүлнэ гэсэн жагсаалт ч гаргачхаад байгаа. Гэвч энэ бүхэн нь зүгээр нэр төлөвлөгөө, яриад өнгөрөх зүйл бус, иргэдийг хуурах, тэр хэрээр төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх шалтаг байж болзошгүй гэсэн хардлага дагуулна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хэлснээр бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 236.2 их наяд төгрөг шаардлагатай гэнэ. Үүний 49 хувийг улс, нийслэлийн төсвөөс, үлдсэн хувийг гадаад, дотоодын хувийн хэвшлийнхний дэмжлэг, тусламжаар бүрдүүлнэ гэж тооцжээ. Нийслэлийн энэ оны төсөв бараг дөрвөн их наяд төгрөгт хүрээд буй. Эл дүнгээр тооцож үзвэл Улаанбаатарын бараг 60 жилийн төсөв буюу татвар төлөгчдийн мөнгөөр дээрх мөрөөдлийн жагсаалтаа хэрэгжүүлнэ гэж төсөөлж буй бололтой. Утаа, түгжрэлийг бууруулна гэж өчнөөн жилийн турш тэрбум тэрбум төгрөг баруун, солгойгүй цацаж, үрэн таран хийсэн нь ирэх жилүүдэд ч үргэлжлэх магадлалтай гэсэн үг.
Иргэд үргэлжлүүлэн дарлуулна
Улаанбаатар хотыг хөгжүүлнэ гэсэн эрх баригч намынхны есөн жилийн засаглал, утаагаа ч, түгжрэлээ ч шийдээгүй хий эргэсэн он жилүүд давтагдахгүй гэж хэн итгэх юм бэ. Нэг нам олон жил засагласан ч нэгдсэн бодлогогүй явж ирсэн нийслэлд суудал дээрээ дэнчигнэж буй Х.Нямбаатар дөрвөн жилийн хугацаагаа дуусгалаа ч түүний санаачилгыг дараагийн дарга нь үргэлжлүүлнэ гэдэгт эргэлзэх шалтгаан бий. Үүнийг нотлох жишээ нь, дарга болгоны “автор”-той, дутуу орхисон, хэрэгжүүлээгүй мартагдуулсан төслүүд юм. Зөвхөн нийтийн тээврийн LRT, BRT, дүүжин тээвэр, метро, трамвай гэх мэтийн төслийг энд дурдаж болно. Ийм учраас л иргэд ирэх жилүүдэд өчнөөн мөнгөө төрд татвар, төлбөр нэрээр хураалгасан ч бохир хотдоо юу ч шийдүүлж чадахгүй үлдэх вий гэж болгоомжилж байна.
“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г 236.2 их наяд төгрөгөөр хэрэгжүүллээ ч бид 15 жилийн дараа ч утаа, түгжрэлээсээ бүрэн салахгүй нь. Учир нь дарга нар 2040 он гэхэд түгжрэлийн дөнгөж 40, агаарын бохирдлын 68 хувийг л бууруулна гэж ярьсан байна. “20 минутын хот”-ын сайд Р.Эрдэнэбүрэн “Түгжрэлийг бууруулах ойрын хугацааны шийдэл байхгүй” гээд юу ч хийж чадахгүйгээ бүр хүлээн зөвшөөрсөн байна билээ.
Улаанбаатарт нэн даруй шийдэх шаардлагатай, хоолойд тулсан ямар асуудал байгааг аль ч иргэнээс асуухад утаа, түгжрэл, орчны бохирдол, аюулгүй байдлыг нэр тэргүүнд нэрлэх нь гарцаагүй. Гэтэл тартагтаа тулчихсан, яг одоо шуурхай арга хэмжээ авах шаардлагатай эдгээр асуудлыг шийдэх хугацааг эрх баригчид 2040 оноос ч хойшлуулахаар төлөвлөчхөөд байгаа. Бодит байдалд Улаанбаатарын утааг шийдэх ажлыг 15 байтугай нэг жилээр ч хойшлуулах ёсгүй.
Шаргаморьтод хот байгуулах боломжгүй
Хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “2040 он хүртэл Шаргаморьтыг Улаанбаатарын дагуул хот болгохоор ажиллана. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж эхэлнэ” гэж ярьжээ. “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу тэрбээр ийнхүү зөгнөсөн хэрэг л дээ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс зуслангийн бүсийг Шаргаморьт хот гэж нэрлэхээр төлөвлөсөн гэнэ. Ийм байдлаар Яармаг, Дарь-Эх, Орбит зэрэг нийт 14 хоттой болох юм байх.
“Хотын ерөнхий архитектор бүсгүй Шаргаморьтод очиж үзсэн бол тэнд хот байгуулна гэж хэлж чадахгүй” гэж нэгэн иргэн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн нь дарга нарын популизмын хариу юм. Учир нь тэнд хот байгуулах нь битгий хэл, орон сууцын хороолол барих ч газар байхгүй. Ихэнх хэсгийг нь суурьшлын газрууд эзэлчихсэн, уулын давчуу ам гэдгийг мэргэжлийн хүмүүс нь сануулсаар байна. Нөгөөтээгүүр, Шаргаморьт нь Туул голын эхэн хэсэгт байрладаг. Тиймээс тэнд том хот байгуулах нь нийслэлчүүдийг ундны усны эх үүсвэргүй болгох эрсдэлтэй аж. Хот гэдэг нь нэр өгөөд л орхичихдог зүйл биш гэдгийг эрхэм дарга нар ойлгодоггүй юм болов уу.
Хуралдах зуур нь хүний амь үрэгдсээр байна
Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын тав дахь хуралдаан энэ сарын 8-нд боллоо. Амралтын өдөр буюу бямба гараг бүр эл штабынхан хуралдаж сүржигнэдэг болоод бараг хоёр сарын хугацаа өнгөрөв. Гэвч тэд ямар үр дүн гаргасан нь тодорхойгүй. Уламжлал ёсоороо төсөл, хөтөлбөр, биелшгүй мөрөөдөл, амлалтуудаа ярьсаар байна. Дарга нар ийнхүү хуралдаж суух зуур нь харин иргэд утаанд хордсоор, угаартсаар. Өнгөрсөн сард л гэхэд нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж амиа алдсан. Үүнтэй холбоотойгоор Шуурхай штабынхан нь иргэдээ угаартахаас хэрхэн хамгаалахыг ярих болов уу гэтэл гар байтугай амаа ч хөдөлгөсөнгүй. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт тэд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх Туулын хурдны зам, дүүжин тээвэр, Сэлбэ болон Баянхошууны орон сууцын хороолол, Эмээлтийн эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц, трамвай зэрэг найман төслийн талаар ярьсан байх юм. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ч хэлэлцсэн гэнэ.
Тэр бүү хэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатарын ирээдүйн төлөвлөгөөг гаргуулаад зогссонгүй. 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг аймгуудын ИТХ-ын болон Засаг дарга нарт үүрэг болгосон гэнэ. Тун удахгүй аймаг бүр “мөрөөдлийн жагсаалт”-аа боловсруулж, янз бүрийн үлгэр ярьж эхлэх төлөвтэй. Нийслэлд, орон нутагт ч 2040 он хүртэл тэс, түүний дараа бүх зүйл сайхан болно гэсэн суртал ухуулгаар ойрын жилүүдэд олны тархийг угаана гэсэн үг болж таарав.
Эрх баригчдын энэ мэт үйлдэл, хандлага улаанбаатарчуудад хөгжих, асуудлуудаа шийдүүлэх найдлага огт байхгүйг бүрэн илэрхийлнэ. Тийм учраас ярихаас өөрийг хийдэггүй, янз бүрийн төлөвлөгөө цаасан дээр буулгахаас өөр шийдэлгүй дарга нараасаа салахаас бидний хөгжил эхэлж таарах нь. Эс тэгвээс бид ирэх 15 жилд ч хий эргэх бололтой дог шүү.
М.Оч