Монгол Улсад мэдээллийн технологийн салбарт 30 000 орчим мэргэжилтэн дутмаг байгааг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ)-наас мэдээлэв. Тиймээс ойрын дөрвөн жилд 20 мянган мэргэжилтнийг бэлтгэх гэнэ. Үүний тулд хувийн хэвшил, төрийн байгууллага, их, дээд сургууль, сургалтын төвүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөжээ. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү энэ талаар “Дэлхий дахинд илүү их хэмнэлт, бүтээмжийг нэмэгдүүлэхэд хиймэл оюуныг ашиглаж байна. Гол тулгамдаж байгаа асуудал нь хүний нөөц. Сөүл хот гэхэд жил бүр хиймэл оюун ухааны 10 мянган мэргэжилтэн бэлтгэхээ зарласан. Улс орнууд жилд бэлтгэх боловсон хүчнийхээ тоог зарлаж байна. Тиймээс манай улс ч мөн адил хиймэл оюуны талаарх танин мэдэхүйн хичээлийг хүүхдүүдэд багаас нь заах шаардлагатай. Их, дээд сургуулиудын хичээлийн бүтцийг өөрчлөх хэрэгцээ тулгарлаа. Тухайлбал, дижитал эдийн засаг, өгөгдлийн хичээлийг оюутан бүр үзэж судлах хэрэгтэй. Их мэдээлэл, өгөгдөл нь хөгжлийг хэрхэн бий болгохыг таньж мэдэх нь зүйтэй. Бид ойрын жилүүдэд 20 мянган мэргэжилтнийг бэлтгэх зорилго тавьж бүхий л сургалтын байгууллагатай хамтарч ажиллана” гэв.
Ч.Туяа