Монголын хөл бөмбөгийн холбооны тэмцээн зохион байгуулах хэлтсийнхэн өчигдөр тайван жагсаал зохион байгууллаа. Улмаар холбооныхооээлжит бус их хурлыг өнөөдөр хийж, ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн зарим гишүүнийг шинээр сонгохоор болжээ. Тус холбооны ерөнхийлөгчид “Арвис” клубийн Ц.Анандбазар, “Хараацай”-н Ө.Алтай, “Унаганууд”-ын Б.Гарьдмагнай, “Хоромхон”-ы Н.Болор-Эрдэнэ, шүүгчдийн зөвлөлийн С.Жаргал нарыг нэр дэвшүүлээд буй. Үүнтэй холбоотойгоор тус холбооны тэмцээн зохион байгуулах хэлтсийнхэн Ц.Анандбазарыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлснийг эсэргүүцэн жагсаал зохион байгууллаа. Жагсагчид “Монголын хөл бөмбөгийн холбооны үйл ажиллагаа өнгөрсөн оны наймдугаар сараас илт доголдож эхэлсэн. Хөл бөмбөгтэй ямар ч холбоогүй Ц.Анандбазарыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлж буй нь учир дутагдалтай. Тиймээс нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлж, ил тод шударга сонгууль явуулах шаардлагатай. Мөн түр хорооноос гаргасан санхүүгийн сонсголын мэдээлэлтэй холбоотойгоор шударга бус үйлдэл хийсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагуудад шилжүүлэхгүй байна. Түүнчлэн ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчсөн” гэсэн юм.
Уг жагсаалд тэмцээн зохион байгуулах, шүүгчдийн болон техникийн, нийтийн хөл бөмбөг, шигшээ багийн хэлтсийнхэн оролцсон юм. Тэд ажил хаяснаар лигийн болон аварга шалгаруулах тэмцээнүүд тодорхойгүй хугацаагаар хойшлоод буй билээ.
У.Сүрэн