“Монгол дархны уламжлал, шинэчлэл” сэдэвт анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Төрийн тэргүүн чуулганыг нээж үг хэлэхдээ “Аливаа улсын төрт ёсны түүхэн уламжлал, ард түмний ахуй амьдрал, өв соёл, хөгжил дэвшлийн замнал дархны урлалтай салшгүй холбоотой. Монгол айлын тулганаас эхлээд аргамаг хурдан хүлгийн эмээл, хазаар, өндөр төрийн тамга хүртэл бүгд дархчуудын ур ухаанаар бүтэж, мянга мянган жилээр өвлөн уламжлагдаж ирсэн түүхтэй”-г дурдаад цаашид уран дархны үйл хэрэг, алдар гавьяаг сурталчлан таниулах үүднээс дөрвөн жил тутамд чуулган зохион байгуулахаар шийдвэрлэснийг зарлалаа. Орхоны хөндийд түүхт Хархорум хотыг сэргээн байгуулах, Төрийн тахилгат Бурхан Халдун ууланд Хүндэтгэлийн цогцолбор бүтээх зарлиг гаргаж, Их эзэн Чингис хааны алтан шүтээнийг бүтээлгэж төрийн хасбуу тамгын хамт “Чингис хаан” музейд залсан нь монгол дархны билиг ухаан, хосгүй гайхамшигт өвийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойг тэрбээр онцолсон юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Ерөнхийлөгчийн ивээл дор “Уран дархан-өв соёл” үзэсгэлэн зохион байгуулж, гадаад, дотоодын зочид гийчдэд дархчуудын шилдэг бүтээлийг дэлгэн толилуулахаар төлөвлөж байгааг ч дуулгалаа.
Ж.Сувд