Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Оросын соёл шинжлэх ухааны төвд Буриад Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгээр бүтээн туурвисан “Фронт Цэгмид-Эв найрамдлын бэлгэ тэмдэг” баримтат киноны нээлт боллоо. Монгол түмнээс Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид зориулсан тусламжийн цувааг хүргэлцэж өгсөн 19-хөн настай эгэл малчин эмэгтэй амьдрал, дурсамжаар дамжуулан Монгол Улсын хойд хөршдөө үзүүлсэн тусламж дэмжлэг, “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор ажиллаж амьдарсан он жилүүд, ард түмний чин сэтгэлийг харуулахыг хичээснээ уг баримтат киног бүтээсэн Буриад Улсын нэрт найруулагч Олег Юмов өгүүлсэн юм. Мөн "Сүрэнхорлоогийн Цэгмид шиг домог болсон хүмүүсийн тухай кино бүтээх нь надад нэр төрийн хэрэг байлаа" хэмээн онцолсон юм.
Хүндэтгэлийн үйл ажиллагааны хүндэт зочид нь монголчуудынхаа сэтгэлийн бэлэг, тусламжийг фронтод хүргэлцэж явсан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат ахмад дайчин, улсын сайн малчин С.Цэгмид болон Халхын голын байлдаанд оролцсон “Баяндунгийн 16 охин”-ы нэг ахмад дайчин Ц.Чимэдцэрэн нар байв. 100 гаруй насыг зооглосон ахмадууд маань шинэхэн киноны нээлтэд хүрэлцэн ирсэн үзэгчдэд мэндчилгээ дэвшүүлж, тэдэнтэй дурсгалын зургаа авхуулцгаасан юм. Үүнээс гадна Фронт Цэгмидийг Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын дээд шагнал БНБУ-ын төлөө байгуулсан гавьяаны төлөө медалиар шагнасан юм. Эх орны дайны он жилүүдэд Монгол Улсын тусламжийн цувааг ЗХУ руу хүргэлцсэн ахмад дайчин С.Цэгмидэд Буриад улсын тэргүүн Алексей Цыденов энэхүү нэр хүндтэй шагналыг гардууллаа. Өнгөрсөн жил энэхүү шагналаар ахмад дайчин Ц.Чимэдцэрэнг шагнасан юм.
Мөн Багануур дүүргийн “Орос аялгуу” наадмын шагналтнууд болох багш Мария Мунгалова “Синий платочек” дууг, мөн эгч дүүс Ууганбаярын Цэлмэг-Оюун болон Саруул-Оюун нар “Алёша” дууг дуулсан нь зочдын сэтгэлийг хөдөлгөж, гайхалтай хөгийг нэмсэн билээ.
Монгол цэргийн музей, Г.К.Жуковын музей, РЦНК болон “Мөрдэстэй цуглуулагч” төрийн бус байгууллагаас эрхлэн гаргасан тус тусын онцлогтой гурван ч хэсэг үзмэр, үзэсгэлэнг дэлгэсэн байв.
Гэрэл зургийн үзэсгэлэн нь ЗСБНХУ, Монгол Улсын ард түмний фашизмтай тэмцсэн тэмцлийн үе шатыг харуулсан байв.
- Японы цэргүүд Монгол руу дайрч, ЗСБНХУ-ын зүгээс хамгаалсан
- Эх орны дайны үед Монголын ард түмний Зөвлөлтийн дайчдад үзүүлсэн тусламж
- Хоёр орны Аугаа ялалтын өв гэсэн хэсгээс бүрджээ.
Буриадын Соёлын Яам, Буриадын драмын театр, Улаанбаатар дахь Русский Дом (РЦНК), Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр энэхүү үйл явдал өрнөсөн билээ.