Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)- ийн Хүүхдийн гэмтэл, согогийн нийгэмлэгийн эмч нарын баг Говь-Алтайн Нэгдсэн эмнэлэг болон Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд өнгөрсөн долоо хоногт ажиллаад иржээ. ГССҮТ-ийнхөн орон нутгийн эмч нарыг чадавхжуулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор алслагдсан аймгуудад очиж, үзлэг, эмчилгээ хийдэг. Энэ удаад хүүхдийн гэмтэл, согогийн зөвлөх, тэргүүлэх зэргийн эмч нар дээрх хоёр аймагт ажиллах хугацаандаа тулгуур эрхтний төрөлхийн болон олдмол согог, ясны ужиг үрэвсэл, хавдар зэрэг оноштой 50 гаруй хүүхдэд үзлэг, оношлогоо хийн, эмчилж, зөвлөгөө өгсөн байна. Мөн энэ төрлийн оноштой дөрвөн хүүхдэд мэс засал хийж, эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулжээ. Тэр дундаа Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүүхдийн гэмтэл, согогийн мэргэшсэн хүний нөөц байхгүй тул эмч, мэргэжилтнүүдийг нь энэ чиглэлээр төрөлжүүлэн сургахаар тохиролцсон гэнэ. Нийгэмлэгийн эмч нар цаашид хүүхдийн гэмтэл, согогийг эрт оношлох, эмчлэх зорилгоор Баян-Өлгий, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, мөн зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллахаар төлөвлөөд байгаа аж.
О.Оргилох