Байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сараана” сангийнхан Сонгинохайрхан уулын бэлд орших Хун нуурыг орон нутгийн тусгай хамгаалалтад яаралтай буцаан авах шаардлагатай хэмээн үзэж байна. Ингэснээр олон зүйлийн амьтан, ургамлын амьдрах орчин болсон, нийслэл дэх цор ганц нуураа уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны нөлөөллөөс хамгаалах боломжтой гэж тус сангийнхан үзэж буй юм. Хун нуур орчмын ус, намгархаг газарт олон зүйлийн нүүдлийн шувуу өсөж үржин, өндөглөн зусдаг. “Сараана” сангаас энэ хавар хийсэн тооллого, судалгаагаар гэхэд тус бүсэд 21 зүйлийн 320 гаруй жигүүртэн бүртгэгджээ. Хун нуур шувуу судлаачид болон байгаль хамгаалагчдын зорин очдог, ажиглалт, судалгаа хийдэг, Улаанбаатарт хамгийн ойр уст цэгт тооцогддог юм. Тиймээс энэ үнэ цэнтэй газрыг тусгай хамгаалалтаас гаргасан шийдвэрээ эргэж харахыг дээрх байгууллагынхан нийслэлийн Байгаль орчны газар болон Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудаас хүсжээ. Хун нуурыг Сонгинохайрхан уулын орон нутгийн тусгай хамгаалалттай газраас 2023 онд хэсэгчлэн хассан аж. Байгаль хамгаалагчид төдийгүй тухайн бүсийн оршин суугчид үүнийг бодлогогүй шийдвэр хэмээн үзэж, тусгай хамгаалалтад дахин авхуулахаар иргэд гарын үсэг цуглуулж байна.
Ж.Энх