МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, судлаач Н.Батсайхан нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүст ийм санал, зөвлөмж хүргүүлэхээр төлөвлөж буйгаа олон нийттэй хуваалцав. Нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол газруудын нэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүүлийн жилүүдэд хярс, туулай, зараа, зурам зэрэг зэрлэг амьтан, олон төрлийн шувуу нутагшин амьддах болсон билээ. Газар дэлхий сэргэж, урин уур амьсгал наашилж буй хаврын энэ өдрүүдэд цэцэрлэгт хүрээлэнгийн “зочид” эхнээсээ үүр ичээнээсээ гарч, үүгээр түүгээр гүйлдэн, улаанбаатарчуудын нүдэнд өртөх болов. Эрх зөнжигнүүдтэй хөөцөлдөн тоглох хярс, мод бутны хаяа бараадан олноос зугтах бөндгөр бөжингийн дүрс бичлэгийг үзээгүй хүн ховор болов уу. Тэгвэл хярсны гэр бүлтэй биечлэн “уулзсан” биологич цэцэрлэгт хүрээлэнг байгалийн уугуул шинж рүү нь улам ойртуулж, хээрийн эко системийн бичил загвар болгож хөгжүүлэх боломжтой, үүний тулд юуны түрүүнд тухайн бүсэд мэргэжлийн ургамал судлаач ажиллуулах шаардлагатай гэж үзэж байна.
Цэцэрлэгт хүрээлэн нийт 973 га талбайтайгаас 183 га-д нь ерөнхий төлөвлөлт хийж, 30 га-г нь тохижуулж, ногоон байгууламж бий болгожээ. Одоо тэнд 31 зүйлийн 133 мянга гаруй модлог ургамал байгаа нь Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг аж. Цаашид тус бүсэд мод, бут тарих ажлыг илүү мэргэжлийн түвшинд зохион байгуулах, арчилж, хамгаалах шаардлагатай гэнэ. Ингэснээр хээрийн эко системийн бичил загвар, “хагас зэрлэг” амьтны хүрээлэн бий болгох боломжтой хэмээв. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зэрлэг амьтан нутагладаг хэсгүүдэд мэдээллийн самбар байршуулж, тэдэнд аюул учруулахгүй байхыг иргэдэд анхааруулах, стандартын шаардлага хангахгүй төмөр торнуудыг буулгаж, байгальд ээлтэйгээр шийдэх хэрэгтэйг биологичид зөвлөж байна.
Н.Мишээл