ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулиас хоёр дахь удаагаа зохион байгуулсан “Эрдэнийн чагнуур” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр боллоо. Дэлхий нийтээрээ 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл жил бүрийн тавдугаар сарын 12нд сувилагч нартаа талархлаа илэрхийлж, тэдний дуу хоолойг сонсож, тулгамдсан асуудлыг нь нийгэмд хүргэж ирсэн. Манай улс эл өдрийн хүрээнд дээрх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг хоёр жил тутам зохион байгуулж, сувилахуйн салбарын шилдгүүдийг тодруулж, урамшуулж байхаар тогтсон юм. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнийг алдаршуулах зорилгоор “Эрдэнийн чагнуур”-ыг санаачилсан бөгөөд эздийг нь өнөө жил сувилахуйн нарийн мэргэжлийн 10 гаруй төрлөөр өрсөлдүүлжээ. Нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд нийт 90 гаруй сувилагч, мэргэжилтнээ тус шагналд нэр дэвшүүлсэн байна. Тэднээс эрүүл мэндийн салбарын хөгжлийн тулгуур багана нь болж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн нийлсэн 13 хүн “Эрдэнийн чагнуур” зүүжээ. Сувилагч мэргэжлийн үнэ цэнийг нийгэмд таниулах, нэр хүндийг нь өргөх, урам зориг нэмэх, мэргэжлийн ур чадварыг үнэлэх, ажлын шилдэг арга, туршлагыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Эрдэнийн чагнуур” шагналыг бий болгосныг зохион байгуулагчид нь онцолсон.
О.Ундрах