Нийслэлээс алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төв, хуучнаар “Нарны титэм” барилгын “Ж” блокыг нийслэлийн өмчид буцаан авчээ. Тодруулбал, “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж байсан 1222 ам метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан байсныг нь шүүхээс тогтоож, хү¬ чингүй болгосон тул нийслэлийн өмчид ийн шилжүүлсэн байна. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнг 1958 онд БНХАУ-ын дэмжлэгтэйгээр барьж, 1993 онд 30 хувийг нь хувьчилж ХХК болгон, 70 хувийг нь хотын захиргаанд үлдээсэн байдаг. Тэгвэл 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49 болгон бууруулснаар хувьцаа эзэмшигч иргэн Т.Нямдаваа давуу эрх (51) эдлэх болжээ. Уг шийдвэрийг тухайн үед нийслэлийн ИТХ бус, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ гаргасан байна. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус, иргэн Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн, Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус компанийг түүний мэдэлд 100 хувьд шилжүүлсэн аж. Өнгөрсөн хугацаанд хүрээлэнгийн тодорхой хувийг эзэмшиж асан нийслэлд 32.7 сая төгрөгийн л ногдол ашиг хуваарилсан, мөн хууль ёсны өвлөгчид нь эл эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг тус тус үндэслэн, өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийж, Төв цэнгэлдэх хүрээлэнг хотын захиргаанд албан ёсоор 100 хувь шилжүүлснийг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээллээ.
М.Гэгээ