NBA-ийн плей-оффын эхний шат өндөрлөж, бүсийн хагас шигшээ цувралууд эхэллээ. Эхний тоглолтууд топ багуудад тун халгаатай болж, өнгөрсөн жилийн аварга “Бостон”, “Дорнод” болон “Өрнөд” бүсийг энэ улиралд амжилтаараа тэргүүлсэн “Кливлэнд”, “Оклахома” багууд ээлж дараалан өвдөг шороодов. Плей-оффын хоёрдугаар шатны зарим сонирхолтой баримт, сонин хачнаас дурдъя.
•Бүсийнхээ топ багийг 121:119-ийн харьцаатай буулгаж авахад “Денвер”-ийн лидер Н.Йокич 42 оноо (29 довтолгооны 15, гурван онооны зургаан довтолгооны хоёр, торгуулийн 13 шидэлтийн 10-ыг оновчтой болгосон), 22 самбар, зургаан оновчтой дамжуулалт, хоёр блок-шот, нэг бөмбөг таслалт хийжээ. Тэрбээр плей-оффын нэг тоглолтод 40+ оноо, 20+ самбар, таван дамжуулалт, хоёр блок бүртгүүлсэн анхны тоглогч болов.
•Оноогоор илүү байсан тоглолтын төгсгөлд эсрэг багийн тоглогчид дээр зориудаар алдаа гаргах шийдвэрийнхээ талаар “Оклахома” багийн ерөнхий дасгалжуулагч М.Дайгно “Оноогоор илүү үедээ бид нар ихэвчлэн зориуд алдаа гаргаж, эсрэг багаа зогсоодог. Өмнө нь үр дүнгээ өгч байсан энэ тактик өнөөдөр ашигтайгаар эргэсэнгүй. Бид үүнийг судалж, алдаагаа засах болно. Гэвч үүнээс шалтгаалж ялагдсан гэж бодохгүй байна” гэжээ.
•Эл тоглолтод “Оклахома”-гийн хамгаалагч А.Карусо 2+ блок-шот, 5+ бөмбөг таслалт, 5+ гурван онооны шидэлт гүйцэтгэсэн бөгөөд эл содон статистикийг плей-оффт үзүүлсэн анхны тоглогч болжээ.
•Нэмэлт цагт “Нью-Йорк” багт 105:108-ын харьцаатай хожигдсон “Бостон”-ы тоглогчид нэгэн анти-рекорд тогтоолоо. Тэд гурван онооны 60 шидэлт гүйцэтгэж, үүнээс 45- ыг алдсан нь NBA-ийн плей-оффын түүхэнд байгаагүй муу амжилт юм.
Сонирхуулахад, тус тоглолтод ялагч багаас Ж.Брансон, О.Ж.Ануноби тус бүр 29 оноо авсан бол эсрэг багаас Ж.Тэйтум, Б.Браун тус бүр 23 оноо авсан байна.
•NBA-ийн энэ улирлын шилдэг дасгалжуулагчаар “Кливлэнд кавальерс” багийн К.Аткинсон тодорлоо. Өдгөө 57 настай мэргэжилтэн тус багийг энэ улирлын эхнээс удирдаж эхэлсэн бөгөөд улирлын тоглолтод 64 ялж, 18 ялагдсан юм. Тэрбээр 2016-2020 оны улиралд “Бруклин нетс” багийг дасгалжуулж байсан агаад түүнээс хойш “Клипперс”, “Уорриорс” багт туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай билээ. Санал асуулгад оролцсон 100 сэтгүүлчийн 46 нь түүний төлөө санал өгсөн байна. К.Аткинсоны дараа Би.Жэй.Бикерстафф (Детройт), И.Удока (Хьюстон) оржээ.
•Лигийн хамгийн ахмад бүрэлдэхүүнтэй баг “Клипперс” хоёр лидертээ тулгуурлаж цаашид багаа хөгжүүлнэ гэдгийг тус багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан захирал Л.Франк мэдэгдлээ. К.Леонард 2020 оноос хойш анх удаа плей-оффт оролцсон бөгөөд гэрээ нь дуусахад хоёр жилийн хугацаа үлдээд байгаа юм. Харин Ж.Хардены гэрээ дуусахад нэг жил дутуу бөгөөд ирэх онд36 нас хүрнэ. “Клипперс” эхний шатанд долоон тоглолтын эцэст “Денвер” багт хожигдсон билээ.
Н.Энх