Улсын хэмжээнд хуурайшилт, түймрийн эрсдэл нэн их байгааг цаг уурын болон онцгой байдлын байгууллагаас анхааруулж буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ногоон бүсэд хийдэг хөдөлгөөнт эргүүл шалгалтыг энэ жил 20 орчим хоногийн өмнө эхлүүлж, Богдхан ууланд зорчихыг зургаадугаар сарын 10 хүртэл хориглосон. Өнгөрсөн долоо хоногт нийслэл, орон нутагт ой, хээрийн, шар өвсний, объектын 167 түймэр гарсан бөгөөд нэг өдөрт галтай холбоотой 70-аад дуудлага бүртгэгдсэн байдаг. Энэ нь хуурайшилт, түймрийн эрсдэл нэн их буйн нотолгоо юм. Тэгвэл цаашид ч хуурай, гандуу, хур чийг багатай өдрүүд үргэлжилж, гал түймрийн аюул өндөр хэвээр байх шинжтэй.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард Монгол оронд агаарын дундаж температур олон жилийн дунджаас 2.2 хэмээр дулаан байсан бол хур тунадасны хэмжээ 31.7 хувиар буурчээ. 30 хоногийн нийлбэр дүнгээр 3.88 мм хур тунадас орсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин буурсан үзүүлэлт гэнэ. Ингэснээр 2025 оны дөрөвдүгээр сар 1940 оноос хойш то¬хиосон хамгийн халуун дөрөв дэх, хамгийн бага хур тунадастай 22 дахь сар болсон аж. Энэ таагүй “дээд амжилт” цаашид үргэлжлэх төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газрын “Зуны саруудын цаг агаарын прогноз” харуулж байна. Ирэх саруудад манай орны ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан, бороо хур бага байх урьдчилсан төлөв гарчээ.
2025 оны нэгдүгээр сард дэлхийн гадаргын дундаж температур 13.2 хэм байсан нь түүхэн дэх хамгийн халуун нэгдүгээр сар болсон. Европын Холбооны Уур амьсгалын өөрчлөлтийн албанаас мэдээлж буйгаар энэ онд багадаа 3-4 сар түүхэн дэх хамгийн дулаан гэх “өргөмжлөл” хүртэж магадгүй нь.
Ж.Сувд