ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль усны барилга, байгууламжийн магистрын хөтөлбөрөө олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн менежмент, их өгөгдлийн агуулгаар баяжуулжээ. Тус салбар сургууль нь барилга, авто замын инженер, архитектороос гадна гидротехникч буюу усны барилга, байгууламжийн нарийн мэргэжилтнийг бэлтгэдэг үндсэн хөтөлбөртэй. Тодруулбал, үерийн гамшгийн эрсдэлийг бууруулах тооцоолол, судалгаа хийдэг, далан, суваг шуудууг стандартын дагуу байгуулдаг, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй зам, гүүр, барилга, байгууламж барьдаг мэргэжилтнүүдийг бакалавр, магистр, докторын түвшинд бэлтгэдэг аж. Тэгвэл эл хөтөлбөрийг шинэчилж, агуулгыг нь баяжуулснаар усны инженерүүдийг олон улсын түвшинд бэлтгэх, чадавхжуулах боломж бүрдэх гэнэ. Уур амьсгалын өөрчлөлт эрчимжихийн хэрээр усны барилга, байгууламж, зам, гүүрийг байгалийн гамшиг, аюулт үзэгдэлд тэсвэртэйгээр төлөвлөх, нарийвчилсан тооцоо, судалгаа хийх шаардлага тулгарсан. Чанаргүй, тооцоо, судалгаагүй барилга, байгууламж нийгэм, эдийн засагт ямар хор хохирол учруулдгийг нийслэлчүүд сүүлийн жилүүдэд хангалттай харж, мэдэрч буй. Харин чадвардаг инженерүүдтэй болсноор аюул эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулж, урьдчилан сэргийлэх боломжтой.
Ж.Сувд