Улсын хэмжээнд энэ он гарснаар нийт 2155 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгджээ. Улмаар 80 хүн амиа алдан, 54 иргэн бэртэж, урьдчилсан байдлаар нийт 23.7 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.8 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Үүний дотор объектын гал түймрийн тохиолдол 45, ой хээрийнх 49 хувиар өсжээ. Тус байгууллагаас аюулт үзэгдэл ослын хор уршгийг арилгахаар давхардсан тоогоор 17 545 аврагч, 3898 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 765 хүний амь авран, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн улсын хэмжээнд он гарснаар 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн 25 тохиолдол бүртгэгджээ. Байгаль, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл буюу халиа тошин, шар усны үер, нойтон цас орж зам, даваа хаагдах, цасанд боогдсон 38 тохиолдол бүртгэгдсэн аж. Түүнчлэн хүний үйл ажиллагаатай холбоотой осол 220, мал, амьтны гоц халдварт өвчин 13 удаа бүртгэгдсэн гэнэ.
У.Цэцэг