Мянганы зам гэх зуун дамжсан бүтээн байгуулалтын ажил, хатуу хучилттай авто замууд хориод жилийн дотор эвдэрч, элэгдэж дууслаа. Хүнд даацын машинууд хэт их ачаа тээвэрлэж ирсэн нь үүнд буруутай. Тэр эвдрэлийг татвар төлөгчдийн мөнгөөр засварладаг, дундаас нь авлигачид төрдөг. Жишээ нь, Дундговь, Өмнөговьд замын их засварт 151 тэрбум төгрөгийн засвар хийхээр төсөвлөсөн байх юм. Үүнтэй холбоотойгоор Сайншанд-Зүүнбаян-Цогтцэций чиглэлээр нефть бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ Цогтцэций дээр буулгаж, тэндээс бусад шатахуун импортлогч ачаагаа авдаг байхаар зохицуулах шийдвэрийг Зам, тээврийн сайд гаргажээ. Үүнийг эсэргүүцэн говийн замд, уул уурхайн компаниуд руу шатахуун тээвэрлэдэг компанийнхан гомдол гаргахаар зэхэн бужигнаж эхэлсэн ч хоорондоо таардаггүй, асуудлыг нь сонсох гэхээр өөр өөр санал, болзол тулгадаг гэнэ.
Өнгөрсөн өвлөөс хойш Толгойт өртөөнд тогтмол 300 орчим вагон түлш аччихаад зам дээр түгжрэл үүсгээд зогссоор байна. Тэд аргагүйдээ биш, вагоныг зориуд агуулах болгож, тэндээсээ шууд машинд ачдаг. Үүнээс болоод “УБТЗ” ХНН-ийг хамтран эзэмшигч оросууд вагоноо авъя, вагон бол шатахуун нөөцлөх чингэлэг биш гэж бухимдах болжээ.
Энэ талаар Зам, тээврийн яамны албаны эх сурвалжуудаас тодруулахад “Аюултай нөхцөл байдал үүсээд буй нь үнэн. Тийм учраас Тагнуулын ерөнхий газарт албан бичиг хүргүүлж, зөвлөмжийг нь авч ажиллаж байна” гэсэн юм.
Түүнчлэн дээрх асуудлаар Зам, тээврийн сайд нефть импортлогчидтой уулзаж санал солилцон, энэ түгжрэлийг арилгахын тулд, нийслэлчүүдийг аюулгүй, амар амгалан байлгаж, авто замын эвдрэл, түүнд зарцуулдаг засварын өртөг, говийн хөрс шороо энэ бүхнийг хамгаалахын тулд төр хатуу шийдвэр гаргах цаг болсныг мэдэгджээ.
Ингэснээр нефть бүтээгдэхүүн ачсан тэдгээр вагоныг Говьсүмбэр, Сайншанд, Цогтцэций рүү төвлөрүүлэх зүйтэй гэдэгт санал нэгджээ. Мөн нийслэлийн дундуур шатахуун, тэсэрч дэлбэрэх бодис тээж, тээвэрлэдгийг болиулахын тулд БагахангайХөшигтийн чиглэлд саяхан нээсэн төмөр зам болон Шувуун фабрик руу салбар төмөр зам тавьж байгааг тайлбарлаад буй юм. Харин энэ шийдвэр говийн бүсийн уул уурхайн компаниуд руу шатахуун тээвэрлэдэг машинуудаас бусад аймаг хоорондын тээвэрт хамаарахгүй аж.
Цаашид бид шатахууны тээврээ ачааны машинаар хийсэн хэвээрээ байх юм бол бид яах гэж гадаадаас зээл авч, эсвэл нүүрсээ барьцаалан төмөр зам бариад байна вэ. Ачааны машинаар тээвэр хийж амьжиргаагаа залгуулж буй тээвэр эрхлэгчид, энэ чиглэлийн бизнес эрхлэхээр их хэмжээний зээл авсан боловч орлого олж чадахгүй байгаа нөхцөл байдлыг ойлгож байна. Гэвч төмөр замаараа тээвэр хийхгүй, нийслэлийнхээ дундуур шатахуун тээвэрлүүлээд, хүнд даацын ачаалалд эвдэрсэн замыг нь татвар төлөгчдийн мөнгөөр байнга засаж арчилмаар байгаа юм уу. Толгойт өртөөнд төмөр зам дээр түгжирсэн вагонуудыг шатахуунаа машинд ачиж дуустал нь хүлээгээд байж болохгүй биз дээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамныхан анхаарч, агуулахгүй шатахуун импортлогчдод нефть бүтээгдэхүүн худалдан борлуулах тусгай зөвшөөрөл өгдөггүй байх ёстой. Тус яамныхныг хууран мэхэлж, агуулахгүйгээр нефть импортлох зөвшөөрөл авсан компани цөөнгүй байдаг. Тэднийг цэгцлээгүй цагт вагоныг агуулах болгож, мөнгө олдог байдал хэвээр үргэлжилнэ. Засгийн газар энэ чиглэлээр нэгдсэн шийдвэрээ гаргаж, үр дүнд хүргэх хэрэгтэй байна. Төмөр замаа ашиглаж сурахгүйгээр, ашиглахыг хүсэхгүйгээр төмөр зам барьж тоглох нь дэндүү өндөр өртөгтэй биш гэж үү.
У.Оргилмаа