Академич Цэвэгжавын Пунцагноров Аугаа эх орны дайны жилүүдэд Зөвлөлтийн судлаачидтай хамтран ажиллаж, хойд хөршид суралцаж байсан тухайгаа ийн гарчиглан дурсамж болгон үлдээжээ.
МИНИЙ БАГШ-ЗӨВЛӨЛТИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД
Фашист Герман Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ)-ыг гэнэт түрэмгийлэн дайрсан тухай мэдээг бид 1941 оны зургаадугаар сарын 26-нд Ховд хотод сонссон юм. Зөвлөлтийн мэргэжилтэн, бидний багш Э.М.Мурзаеваар удирдуулсан газар зүйн шинжилгээний анги мөн сарын эхээр Улаанбаатараас гарч Баянхонгор, Говь-Ал¬тай аймгийн нутгаар олон хоног аялсны дараа Буянт голын хөвөөнд хүрч буулаа. Багш маань Ховд дахь ЗХУ-ын Консулын газарт очив. Хэдэн хөгшин улиасны сүүдэрт бид машинаа зогсоогоод хүлээж байтал багш гарч ирээд, фашистууд ЗХУ-ын эсрэг дайн дэгдээсэн тухай мэдээ дуулгав. “Одоо яах вэ” гэж бид хиртхийн цочин асуухад “БНМАУ-д ажиллаж буй Зөвлөл¬тийн мэргэжилтнүүд үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх чиг өгсөн тул хээрийн шинжилгээний ажлыг дуусгана” гэж багш хэллээ.
Зөвлөлтийн ард түмэн дайны байдалд орсон хэр нь манай улсад чин сэтгэлийнхээ тусламж дэмжлэгийг үзүүлсээр байсан юм. Эх орны дайны үед Монголд ажиллаж өөрсдийн мэдлэг чадвар, баялаг туршлагаа харамгүй хуваалцаж байсан Зөвлөлтийн нөхдийн нэг нь манай оронд газар зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан доктор, профессор, ЗХУ-ын Төрийн шагналт Эдуард Ма-карович Мурзаев юм. Даруу төлөв зантай, ажилсаг, өргөн хүрээний мэдлэгтэй, туурвин бүтээх авьяас билэгтэй, сайн зохион байгуулагч энэ эрдэмтнээс түүний монгол шавь нар их зүйл сурсан билээ. Эрдэм шинжилгээний ажлыг техникийн чанартай хар бор ажил сурахаас эхлэх хэрэгтэй гэдэг сэн. Олон жилийн тоосонд дарагдсан хуучин газрын зураг, төрөл бүрийн гар бичмэл, бусад материалыг эмхлүүлэн хэвлүүлсний дараа геоморфологийн тухай ном судлах, хээрийн шинжилгээний багаж зэвсэг эзэмшүүлэх ажилд оруулсан юм. Э.М.Мурзаевын удирдлагаар би “Огторгуйн уудам дахь дэлхий” сэдэвтэй анхныхаа лекцийг бэлтгэж Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвд уншсан билээ. Мөн багшийнхаа үлгэр жишээгээр эрдэм шинжилгээний өгүүлэл анх удаа бичиж “Шинжлэх ухаан” сэтгүүлд хэвлүүлсэн юм. Хөдөө хамт явахад ажлын тодорхой хуваарь гаргаж, хоол унд бэлтгэх болон өдрийн жижүүр томилон, өөрөө бусдын нэгэн адил жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг байв. Багшаараа тийм ажил хийлгэхгүй гэж оролдоход өөр янз бүрийн даалгавар өгдөг байлаа. Ер нь багш маань юухныг ч хийж чаддаг дадлага туршлагатай, майхнаа босгох газар зөв сонгох, салхи, бороотой үед гал асаах, ачааг авсаархан баглах, уяаг бат бэх занги¬дах аргыг биечлэн үзүүлдэг байв.
Бид Улаангомоос гараад явж байтал манай жолоочийн бие гэнэт муудлаа. Багш маань тонн хагасын “ГАЗ” машиныг өөрөө жолоодож, Улаангом луу буцаж очоод өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлсний дараа Улаанбаатар хот хүртэл жолоочийн үүргийг чадамгай гүйцэтгэж билээ. Тэр үед автомашин цөөн байсан учир голчлон морин замаар газрын зураг, луужин баримтлан явдаг байв. Хан Хөхийн нурууг нарийхан морин замаар өгсөж байтал нэг огцом даваа таарав. Машин гэнэт айхтар хазайж моторын дуу хүржигнэж сүүлчийн хүчээ шавхаж байхад ачаан дээр нь сууж явсан Ш.Цэгмид (академич) бид хоёр “Одоо яадаг билээ” хэмээн зүрх түгших зуур машин маань даваан дээр аль хэдийн гарчихсан, манай багш машины дугуйг шалгаж байв.
1941 оны намар болов. Тэр үед фронтод үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн чиглэлээр геологийн шинжилгээний анги явуулсан юм. Хэнтий, Сүхбаатар аймгийн нутагт судалгаа хийсэн газар зүй, геологи хайгуулын Монгол-Зөвлөлтийн хамтарсан ангийн бүрэлдэхүүнд би оролцож, Зөвлөлтийн мэргэжилтэн Ю.С.Желубовскийн хамт ажиллав. Юрий Сергеевич геологич хүний үндсэн багаж зэвсэг болсон алх бариад өглөөний нарнаар гарч, үдшийн бүрэнхий болтол уул хад, хээр талаар эцэх цуцахаа мэдэхгүй хэсүүчлэн явдаг байлаа. Шөнө болсон хойно хээрийн гал тойрон суугаад амарч байхдаа Оросын яруу найрагчдын шүлгээс уншиж, сонгодог дуурийн зарим гоцлол дуу, эртний романс дуулдаг сан. Ю.С.Желубовский улс ардын аж ахуйн чухал ач холбогдолтой ашигт малтмалын хэд хэдэн ордыг илрүүлэн нээхэд оролцсон билээ. Тэдгээрийн заримыг дайны үед ашиглаж эхлэв. МАХН-ын Төв хорооны 1941 оны арваннэгдүгээр сарын бүгд хурал дотоодын хэрэгцээний гурилын 25-аас доошгүй хувийг эх орондоо үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд зарим аймагт атар газар эзэмших ажил зохион байгуулав.
1942 оны хаврын тариалангийн ажилд туслах төвийн төлөөлөгчөөр намайг Зөвлөлтийн мэргэжилтэн А.А.Юнатовын хамт Хэнтий аймагт явуулсан юм. Тэр үед хөдөө орон нутгийн тээврийн гол хэрэгсэл нь морин өртөө байв. Ингээд бүтэн сар хагас өртөөний морь доор А.А.Юнатов бид хоёр Хэнтий аймгийн хойд сумуудаар явж, мэргэжлийн туслалцаа үзүүлж билээ. Трактор зэрэг хөдөө аж ахуйн техник байхгүй, зарим сумын малчид газар тариалангийн ажлын дадлага туршлагаар нимгэн байсан тухайн нөхцөлд янз бүрийн бэрхшээл тохиолдож байв. Улаанбаатарын төмрийн заводод үйлдвэрлэсэн анжсанд уналгын морь, ачлагын тэмээг хоёр гурваар нь хөллөн зүтгүүлж байлаа. Тийм ажилд сураагүй мал тал тал тийшээ ухасхийхэд анжис байн байн сугарч олон тооны далан үлдээдэг байв. Ийм байдалд А.А.Юнатов ханцуйгаа шамлан тариалангийн ажлын үндсэн аргыг өөрөө биечлэн үзүүлдэг байсан юм. Хэнтий аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Т.Бавуудорж зарим үед А.А.Юнатовтай хамт явж, тариалангийн ажлыг газар дээр нь удирддаг байлаа. Заримдаа зэргэлдээ сумд албан бичиг явуулах шаардлага гарч “улаачийг дууд” гэхэд арав гаруйхан настай жаал хүү орж ирээд дугтуйтай бичгийг ваадагнан бүсэлж аваад давхин одоход А.А.Юнатов гайхаж, “Ердийн юм шиг та нарт санагддаг ийм үзэгдэл нь хэрэг дээрээ Монголын ард түмний зориг хатуужил, урагшаа тэмүүлсэн сэтгэл санааны илрэл юм шүү” гэж ярьдаг сан. А.А.Юнатов дээр үед цэргийн алба хаасан болохоор моринд гарамгай. Мөнгөн товруутай монгол эмээл тохсон морь унаж, дөрөө харшуулан шогшиж явсан Александр Афанасьевичийн дүр төрх миний санаанаас гардаггүй юм. А.А.Юнатов өртөөгөөр өдөржин, шөнөжин явж айлд буюу сумын цайны гэрт ун¬таад мар¬гааш өглөө нь өнөө л цовоо сэргэлэн байдалтай аянаа үргэлжлүүлдэг байлаа. 1942 оны Майн 1-ний өглөө бид Баян-Адрага сумын төвд хүрэлцэн очив. А.А.Юнатовын оролцсон Майн 1-ний ёслолыг Монгол-Зөвлөлтийн ард түмний ах дүүгийн эвдэршгүй найрамдлын баяр болгон фронтод үзүүлэх тусламжийг улам нэмэгдүүлэх уриан дор тэмдэглэснийг санаж байна.
СВЕРДЛОВСК ХОТОД ФРОНТЫН АРТАЛД АЖИЛЛАСАН МИНЬ
Хэнтий аймгаас ирээд байж байтал намайг МАХН-ын Төв хорооны Шинэ хүчний хэлтэст дуудаад ЗХУ-ын Москвагийн их сургуульд явуулах шийдвэр гарсныг мэдэгдэв. ЗХУ Аугаа эх орны дайны хүнд үед ч гэсэн манай улсаас явуулсан оюутныг үргэлжлүүлэн сургаснаас гадна ийнхүү шинэ оюутныг хүлээн авсаар байсан юм. ЗХУ-ын Коммунист нам, Зөвлөлтийн төр фашист түрэмгийлэгчидтэй явуулж байсан тэмцлийн ид ширүүн үед дайны дараах энх цагийн зорилтыг бодолцож, манай улсын хөгжлийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан харж тусламж үзүүлж байжээ. Ингээд 1942 оны намар Москвагийн их сургуулийн зарим факультет түр байрласан Свердловск хотод бид галт тэргээр очив.
Дайны үеийн оюутны амьдрал фронтын шаардлагатай нягт уялдаатай. Тухайлбал, Москвагийн их сургуулийн оюутнууд сурахын зэрэгцээ аль нэг үйлдвэрийн газарт ажилладаг байв. Монголын оюутан бид Зөвлөлтийн нөхдийн хамт цэргийн үйлдвэрт ажиллахыг ариун үүргээ гэж үзээд энэ тухай хүсэлт тавихад ёсоор болгосон юм. Бидний гурван оюутан 706 дугаар заводад ажиллах томилолт авч, эхэндээ тоног төхөөрөмжийг галт тэрэгний буудлаас татах, тэдгээрийг байрлуулж угсрахад туслах зэрэг ажил хийж байгаад дараа нь “вагранка” хэ¬мээх металл хайлуулах зуухны дэргэд байнга ажиллах болов. Тэр үед “Катюша” гэдэг шинэ зэвсэг ихээхэн алдаршсанаас ч юм уу, манай завод тэрхүү зэвсгийг үйлдвэрлэдэг гэсэн ойлголт бидэнд байлаа. Ийнхүү бид орчин цагийн асар том үйлдвэрт амьдралдаа анх удаа хөдөлмөрлөж, Зөвлөлтийн баатарлаг ажилчин ангийн нэг отрядын гишүүн болж, фронтод хэр чинээгээрээ тус нэмэр үзүүлэх болсондоо бахархаж байв.
Оюутнууд үдээс өмнө заводад хөдөлмөрлөж, тэндэхийн гуанзанд хооллоод үдээс хойш лекцэнд суусны дараа түр завсарлан, шөнө дунд хүртэл номын санд ажилладаг байв. Өглөө эрт ажилдаа орохоос өмнө заводын гол хаалганы дэргэд хадсан фронтын сүүлийн үеийн мэдээг уншаад цехийн нөхөдтэйгөө саналаа солилцдог сон. Тэр үед Сталинградын орчим ширүүн тулалдаан болж байсан учир хүн бүрийн сэтгэл түгшиж байв. Фронт, ар талын нэгдэл нягтрал гайхамшигтай бат бэх байсныг бид нүдээрээ үзэж билээ. Ажлын явц дунд Зөвлөлтийн нөхөдтэй туйлын дотно танилцав. Манай це¬хийн дарга нөхөр Иванов нэгэн өдөр монгол оюутан биднийг гэртээ урьсан юм. “Буржуйка” гэдэг ширмэн зуухан дээр хайруулд төмс шарж дайлах зуураа дайсны бүслэлтэд орсон Ленинградынхны амьдрал, тэмцлийн тухай ярьж өгч билээ. Манай завод Ленинградаас нүүж ирсэн байжээ.
Дайны хүнд үед ч гэсэн ЗХУ оюутнуудын амьдралд байнга анхаарал халамж тавьж байв. Оюутны дотуур байрны ариун цэврийн дэг журам чанга. Бүх оюутан долоо хоног бүр халуун усанд орж, гадуур хувцсаа тусгай зууханд ариутгана. Орны цагаан хэрэглэлийг мөн долоо хоног бүр сольдог байв. Нэг өдөр манай их сургуулийн ректор И.С.Галкин монгол оюутнуудыг дуудаж, Свердловск мужийн комсомолын хороонд дагуулан очив. Мужийн комсомолын хорооны дарга бидэнд хандаж хэлэхдээ “Ах дүү Монголын оюутныг сургах үүргийг ЗХУ хүлээсэн болохоор сурах нөхцөлийг хангаж өгөх ёстой. Монгол оюутнуудыг хүнсний тусгай хангамжтай болгох шийдвэрийг Свердловск мужийн удирдлага гаргалаа. Та нөхөд үйлдвэрийн газар ажиллах шаардлагагүй. Бүхий л цагаа эрдэм боловсролын үйлсэд зориулах хэрэгтэй” гэв. Бид талархлаа илэрхийлээд, Зөв¬лөлтийн оюутнуудтай нэгэн адил фронтод зориулсан хөдөлмөр хийж, тэдэнтэй ижил нөхцөлд сурах хүсэлтэй гэдгээ нэг дуугаар хэлэв. Мужийн хорооны нарийн бичгийн дарга Свердловск мужийн гүйцэтгэх захиргааны дарга Недосекинд утасдаж, бидний саналыг уламжилсны дараа шаардлага гарвал та нар дуртай цагтаа шууд надтай ирж уулзаж байгаарай гэж билээ. 1943 оны зун манай их сургууль төрөлх Москва хот руугаа буцаж нүүсэн юм.
ДАЙНЫ ҮЕИЙН МОСКВАД ЮУ БОЛЖ БАЙВ
1943 оны Москвагийн тухай анхны сэтгэгдэл. Кремлийн ханыг ногоон, шар өнгөөр алаглуулан будсан, байшингийн цонхны шилэнд дэлбэрэлтийн долгионоос хамгаалах цаас наасан, агаарын дайралтын үед хоргодох газрыг заасан тэмдэг энд тэндгүй тавьсан, шөнийн цагт гудамжны гэрэл гэгээ багатай байсан нь санаанд тодхон байна. Москвагийн их сургуулийн Нийгмийн ухааны факультетуудын хичээллэх гол байр дайсны бөмбөгдөлтөд өртсөн учир барилгын цэргүүд яаралтай засварлаж байв. Түүхийн факультетын оюутнууд “Большая бронная” хэмээх гудамж дахь дунд сургуулийн байранд түр хичээллэж байв. Дайны үеийн эрэгтэй оюутнуудын олонх, мөн охидын зарим хэсэг нь дайны гай гамшгийг амссан залуучууд байлаа. Тэдний дунд эрэмдэг зэрэмдэг болсон хүн цөөнгүй байсан юм. Манай факультетад Рахманин гэдэг онц сурлагатан байлаа. Дайны эхний саруудад дайсны танкийн довтолгооныг няцааж байх үед дэргэд нь мина дэлбэрч, хоёр нүдийг нь сохолж, нүүрний нь арьсыг түлжээ. Москвагийн их сургуулийн М.Горькийн нэрэмжит номын санд ажиллаж байхад миний зэргэлдээ ширээнд цэрэг хувцастай залуухан бүсгүй суудаг сан. Тэр охин хоёр гаргүй, баруун тохой хавьд нь төмөр механизм углаж үзэг, харандаа бэхэлсэн байж билээ. Цээжин биеэ бүхэлд нь хөдөлгөж юм бичдэг сэн.
Юрий Костоусовтой би Түүхийн факультетын I курсээс эхлэн үерхсэн юм. Тэр үед Юрий дөнгөж 17 настай, эртний Грек, Ромын түү- хийг сонирхдог байлаа. Хичээл тараад шөнийн Свердловскийн гудамжаар хамт алхахад эртний Илиадын сонгодог зохиолоос уншиж явдаг сан. 1943 оны зуны амралтаар нутаг буцсаны дараа Москвад очиход Юра ангидаа алга байв. Цэрэгт мордсон гэж сонслоо. Тэгтэл намрын нэгэн өдөр Юра ирж уулзаад, “Удахгүй фронтод явахаар боллоо” гэв. Хоёулаа сургуулиас холгүй буйдхан газар олж суугаад, зүсэм талх хувааж идэх зуураа жаахан ярьж байгаад салах ёс гүйцэтгэлээ. 1944 оны сүүлчээр оюутны байрандаа байж байтал хаалга тогшив. Он-гойлготол нөгөө Юра маань суга таягтай орж ирлээ. Нэг хөлийг нь бараг угт нь тултал тайрсан байв. Румынийг чөлөөлөх үед болсон ширүүн тулалдаанд Юра хүнд шархдаад тийнхүү зэрэмдэг болжээ. Оюут-ны байрны урт хонгилоор суга таягийн тог тог хийх чимээ сонсдохоор гүйлт, харайлтын спортоор оролддог, бүжиглэх дуртай, цоо эрүүл, бүрэн бүтэн Юрагийн дүр миний нүдэнд ил харагддаг сан. Юра сургуулиа үргэлжлүүлж, Москвагийн их сургуулийг төгссөний дараа аспирантурт үлдэж, эрдмийн зэрэг хамгаалаад мөн тэндээ багшаар ажилласан юм.
1944 оны өвөл манай факультетад өндөр гоолиг биетэй, цайвар үстэй, мөрдөсгүй офицер шинель өмссөн оюутан үзэгдэх боллоо. Тэр залуу өрөөсөн нүдээ хар даавуугаар ташуу боож таягаар урд замаа тэмтрэн явдаг байв. Удахгүй бид танилцсан юм. Нэр нь Николай, овог нь Сабуров. Николай аймшигтай гай зовлон үзсэн байжээ. Цэргийн сургууль төгсөж, дэслэгч цол аваад байтал нь дайн эхэлж, Зөвлөлтийн баруун хязгаарт байрлаж байсан тэдний анги ширүүн тулалдаанд оролцож байх үеэр дайсны их бууны сум ойрхон дэлбэрч, Николайн нэг нүдийг нь бүлт цохиод, нөгөө нүдийг нь хараагүй болгожээ. Ленинград хотод амьдарч байсан аав, ээж, дүү нар нь бүслэлтийн үед бүгдээрээ өлбөрч үхсэн аж. Гагцхүү Москвад гэр бүлтэй байсан эгч нь амьд үлджээ. Николай 20-хон насандаа ийм хүнд байдалд орсныхоо дараа их сургуулийн босгыг алхсан юм. Тохиолдсон золгүй явдлын өмнө огтхон ч сөхрөөгүй энэ залуугийн зориг хатуужил, тэвчээр, оюун ухааны чадал үнэхээр гайхалтай. Хараагүй хүний бичиг (брайл үсэг) эзэмшиж, лекцийн тэмдэглэл хийдэг, эгч болон нөхдийнхөө тусламжтайгаар ном, бусад материалыг судалдаг, сурлагаар сайн, нам, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог оюутан байлаа. Николай дуу хөгжимд дуртай, өөрөө ч сайн дуулдаг, хааяа Их театр, Москва-гийн консерваторт очиж дуурь, концерт сонсдог, оюутны үдэшлэг болоход хамгийн түрүүнд бүжиглэдэг байв. Санаа сэтгэл нь үргэлж бадрангуй, өөдрөг. Николай Сабуров коммунист хүний хамаг нандин чанарыг шингээсний хувьд алдарт зохиолч, мохошгүй зоригт большевик Николай Островскийтой тун төстэй юм. Москвагийн их сургуулийг төгссөний дараа миний найз Николай төрсөн, өссөн Ленинград хотынхоо их сургуулийн багшаар томилогдоод явлаа
1951 оны эхээр би Ленинградаас цахилгаан утас хүлээн авав. Николай намайг хуримандаа урьжээ. Хуримын бэлтгэлд нь туслахаар тэр дороо эгч Вератай нь хамт Ленинград орж хэдэн хоногийн турш аж ахуйн бэлтгэн нийлүүлэгч, тогоочийн туслахын үүрэг гүйцэтгэлээ. Хурим ч маш аятайхан болж, зочид үүр цайтал найрлав. 40 жилийн турш Николай бид хоёр үе үе уулзаж, ойр дотно үерхсээр байсан юм. Энэ завсар Николайн хүү инженер болжээ. “Знание” нийгэмлэгийн урилгаар 1983 оны сүүлчээр ЗХУ-д айлчлах үедээ би Ленинградад зочилж, тэнд Николай Сабуровтой дахин уулзав. Ленинградын их сургуулийн профессор, түүхийн ухааны доктор, Зөвлөлтийн ард түмний Аугаа эх орны дайны ахмад дайчин Н.Н.Сабуров саяхан хэвлэгдсэн нэг номоо надад дургав. Нэр хүндтэй энэ багш, эрдэмтний шавь нарын дотор монгол оюутан, аспирант ч бий.
Москвагийн их сургуулийн хичээл сурлагын уламжлалт өндөр түвшин дайны үед буураагүй юм. Эрдэмтэн багш нар хичээлийн цагийн хуваарийг ягштал баримтлан лекц уншиж, курсийн ажил удирдан мэдлэг чадвараа оюут¬ныг сурган хүмүүжүүлэхэд бүрэн зориулж байв. Миний багш нарын дотор академич М.Н.Тихомиров, С.Д.Сказкин, Б.Н.Рыбаков, Е.И.Жу¬ков, А.А.Губер, М.В.Нечкина, И.И.Минц нарын зэрэг нэрд гарсан олон эрдэмтэн байсныг эргэн санахад бахдалтай байна. Б.Н.Заходер, А.Ф.Миллер нарын зэрэг гайхамшигт лекторуудыг хичээл зааж дуусмагц оюутнууд алга ташдаг сан. Дайны жилүүдэд ч Зөвлөлтийн хүмүүсийн соёлын амьдрал оргилсоор байлаа. Театр, музей, нийтийн номын санд хэзээ ямагт хүн дүүрэн. Тэдний дунд байлдааны гавьяаны одон, медаль зүүсэн дайчид олон байв. Бид Свердловскт анх удаа сонгодог дуурь сонсож, Москвад ирсэн хойноо Их театр, М.Горькийн нэрэмжит уран сайхны академик театр гэх зэрэг шилдэг театрт Зөвлөлтийн болон дэлхийн сонгодог бүтээл үзэж, урлагийн гарамгай мастеруудын тоглолттой танилцсан билээ.
1943 оны зунаас Москвад ялалтын буудлага хийдэг болов. В.И.Лениний нэрэмжит номын санд сууж байтал гэнэт их бууны дуу нижгэнэхэд гадагшаа гүйж гартал Москвагийн шөнийн тэнгэрт янз бүрийн өнгөтэй пуужин цацран гэрэлтэж, хүн бүрийн баяр бахдалыг бадраан оргилуулж байлаа. 1944 оны зуны нэг өдөр би хичээл тараад Горькийн гудамжаар явж байтал ер бусын хөл хөдөлгөөн ажиглагдав. Хүмүүс гудамжны хоёр талаар эгнэн зогсож, Белоруссын вокзалын зүг ширтэнэ. Юу болох гэж байгааг асуухад “фашистын олзлогдсон цэргүүдийг туух гэж байна” гэлцэнэ. Төдий л удалгүй зэвхий ногоон хувцастай олон мянган герман цэргийн цуваа гудамжаар үргэлжлэв. Цувааны эхэнд генералууд явна. Ялагдашгүй гэж сагсууран сайрхаж, Баруун Европын хотуудаар сүржигнэн алхаж байсан Гитлерийн цэргүүд Москвагийн гудамжаар сүр сүлд нь унтарчихсан уруу царайлаад гэлдэрч явав. Олзлогдогсдыг хоёр талаар нь Зөвлөлтийн явган, морь¬той цэргүүд хүрээлжээ. Гудамжинд зогссон Зөвлөлтийн хүмүүс “Москваг эзлэхийг санаархсан та нар Москвад ирлээ шүү дээ”, “Ийм л байдалд хүрэх ёстой байсан” гэх мэтээр сэтгэгдлээ чанга дуугаар илэрхийлж байсан юм. Эх орны дайн аугаа их ялалтаар төгсөх цаг ойртож байгааг энэ үйл явдал нийтэд харуулж билээ.
1945 оны тавдугаар сарын 8-ны шөнө дунд оюутны Стромынкийн байрны өрөө тасалгаагаар гэнэт шуугилдан “Ура”, “Мандтугай” гэж хашгиралдах чимээ сонсдов. Бид өрөөнөөсөө ухасхийн гартал ялалтын тухай баяртай мэдээг дөнгөж саяхан зарласан байсан юм. Найз Юра Костоусовын өрөөнд гүйж ортол тэр маань ялалтын хундага өргөхөд бэлэн болчихсон намайг хүлээж байлаа. Тавдугаар сарын 9-ний өглөө эрт оюутнууд Түүхийн факультетын байранд цуглаж, цуваа болон жагсаад Улаан талбайг зүглэв. Манай факультетын комсомолын байгууллагын удирдагч Лидия Караулова гартаа улаан туг барьж жагсаалыг хошуучлав. Ингээд бид Улаан талбайд В.И.Лениний бунхны дэргэд цугларсан үй олон хөдөлмөрчидтэй нийлж ялалтын их баярыг тэмдэглэсэн юм. Шөнө нь урьд өмнө үзэгдээгүй сүрлэг ёслолын буудлага болж, ЗХУ-ын Төрийн том далбааг аэростатаар хөөргөөд, хурц гэрэл тусгасан байв. Их ялалтын жил 1945 онд би Ленинград, Сталинград, Новороссийск гэх зэрэг хотоор явж ахуйд фашистын түрэмгийлэгчид Зөвлөлтийн ард түмэнд хэчнээн их хор хохирол, гай гамшиг учруулсан нь харагдаж байлаа. Гэвч Зөвлөлтийн хүмүүс бүтээлч авьяас хүчээ дайчилж, аж ахуйгаа ахар богино хугацаанд сэргээн босгож, улс орноо цэцэглүүлэн хөгжүүлж чадсан билээ. Энэ бол Зөвлөлтийн ард түмний дэлхий дахины ач холбогдолтой түүхэн ялалтын үр шим, хүч чадлын гэрч мөн.