Хүн төрөлхтний түүхийн хуудаснаа “агуу” хэмээн онцлон тэмдэглэсэн нэгэн үйл явдал 80 жилийн тэртээд болсон нь фашист Германы өдүүлсэн дэлхийн II дайныг Зөвлөлтийн арми түүний Холбоотнууд зогсоож, энх тайвныг тунхагласан ялалт юм. Энэ бол харгислал, шударга бусыг ялсан гавьяа төдийгүй цэнхэр гаргийн амьтай бүхэнд хамаатай аврал байлаа. Тиймээс эрэлхэг баатруудын эл ялалтыг “агуу” гэж тодотгох нь зүйн хэрэг буй за. Энэхүү ялалтаас хойш өнгөрсөн 80 жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан дайн (бүс нутгийн хэмжээний тулаан, дайныг энд дурдаагүй болно) дэгдээгүй хэмээн шинжээч, судлаачид онцолсон байдаг. Зургаан жилийн турш олон тивийнхнийг донсолгож, айдаст автуулсан нацизмын төгсгөл ирснийг гэрчлэх, Берлиний Рейхстагийн оройд ялалтын тугаа мандуулж буй Зөвлөлтийн улаан армийн цэргүүдийн энэхүү гэрэл зураг дайны түүхийг үеийн үед “ярьсаар” байх болно. Эл түүхэн агшныг хальснаа буулгасан нь бас л онцлох үйл явдал. “Дайсныг дарлаа, даян дэлхийд энхийг авчирлаа” хэмээн тэнхээ мэдэн “хашгирсан” энэхүү зурагт гэрэл сүүдрээ үлдээж, мөнхөрсөн хүмүүс болон зурагчин Евгений Халдейн талаарх сонирхолтой түүхийг доор тусад нь өгүүлэх болно. Ялалтын бэлгэ тэмдэг болсон тугны хувьд ОХУ-ын хуулиар хамгаалагдсан үнэт өв, түүхэн гэрч юм. Тодруулбал, “Ялалтын туг нь 1941-1945 оны Аугаа эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн, түүний Зэвсэгт хүчин нацист Германыг ялсны албан ёсны бэлгэ тэмдэг, Оросын төрийн дурсгал” гэж баримт бичигт заажээ. Өдгөө тэрхүү тугийг ОХУ-ын Зэвсэгт хүчний төв музейн тусгай сан хөмрөгт, хэт ягаан туяанаас хамгаалсан бортгонд хадгалж байна. ОХУ-ын БХЯ-ны Цэргийн түүхийн хүрээлэнгийн архивын мэдээллээр, 1945 онд Зөвлөлтийн арми ялснаа баталж Берлиний өндөр барилгууд болон Рейхстагийн дээгүүр нийт 40 орчим туг мандуулсан гэдэг.
ХАР ДАРСАН 1418 ХОНОГ
Үүсэл, хувьсал, хөгжлийнхөө явцад хүмүүс өөр хоорондоо тулалдаж, өрсөлдөж, дайтсаар ирсэн ч хоёроос олон улс орныг хамарсан, өргөн хүрээтэй тулаан, дайн 2000 гаруй болсон талаар цэргийн судлаачид тэмдэглэжээ. Эдгээрээс хамгийн их хохирол учруулсан нь дэлхийн нэг ба хоёрдугаар дайн. Хэд хэдэн тив дамнан өргөн уудам нутаг дэвсгэрийг хамран, гамшиг тарьсан учраас дэлхийн хэмжээнийх гэж тодорхойлдог бөгөөд 1914-1918 онд дөрвөн жилийн хугацаанд Европын нутагт төвлөрөн өрнөсөн эхний дайнд 10 орчим сая хүн амь үрэгдсэн.
Тэгвэл зургаан жил буюу 1939-1945 онд үргэлжилсэн дэлхийн II дайнд нийт 62 улс (тухайн үед 74 улс оршин тогтнож байв), хүн төрөлхтний 80 орчим хувь хамрагдаж, барагцаагаар 70 сая хүн хорвоог орхижээ. Нийт амь үрэгдэгсдийн 40 орчим хувь нь Зөвлөлтийн цэрэг эрс, энгийн иргэд байлаа
Дэлхийн II дайн 1939 онд нацист Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн. Үүнээс 1941-1945 онд өрнөсөн дайныг Аугаа эх орны дайн хэмээн тодотгодог юм. Энэ бол нацизмын эсрэг тэмцсэн Зөвлөлтийн арми, ард түмний чөлөөлөх дайн бөгөөд Орос болон бусад орны зарим судлаач “шийдвэрлэх хэсэг” гэж тодорхойлдог. Эдгээр онд байлдааны ажиллагаа нь гурван тивийн, тодруулбал Европ, Ази, Африкт өрнөж, дөрвөн тэнгис, далайд явагджээ. Үүгээр зогсохгүй цөмийн зэвсэг хэрэглэсэн харгислал байлаа.
1941 оны зургадугаар сарын 22. Энэ бол Аугаа эх орны дайн эхэлсэн өдөр бөгөөд үүрээр нацистууд ЗХУ руу довтлов. Баруун хилийн дагуух нисэх онгоцны буудлууд, төмөр замын станцууд, тэнгисийн цэргийн баазууд, хотуудыг бөмбөгдөж энх цагийн амар амгаланг эвдэж эхэллээ. Герман, Румын, Итали, Словак, Финланд, Унгар зэрэг улс Зөвлөлтийн эсрэг тулалдаж, удалгүй Норвеги тэдэнтэй нэгдсэн байдаг. ЗХУ-ын ард түмэн Герман, түүний Холбоотнуудын түрэмгийллээс эх орноо хамгаалан бослоо.
1418 хоногийн турш үргэлжилсэн цуст дайнд ЗХУ-ын 1700 гаруй хот, тосгон, 70 мянга давсан суурин газар сүйдэж, устгагдсан бол барагцаагаар 27 сая хүн амиа алдсанаас ес орчим сая нь байлдааны талбарт үрэгджээ. Зөвлөлтийн 7.4 сая гаруй иргэн эзлэгдсэн нутаг дэвсгэрт нацистуудын гарт үрэгдэж, 2.16 сая хүн олзлогдон нас барсан. Үүний зэрэгцээ Зөвлөлтийн 5.3 орчим сая хүн Герман руу хөдөлмөрийн дайчилгаанд албадан ачигдсанаас тал хүрэхгүй хувь нь л эх орондоо эргэж ирсэн гэдэг. Түүнчлэн Европын ард түмнийг чөлөөлөх үеэр Зөвлөлтийн нэг сая орчим цэрэг амиа алджээ.
Дайны эхний саруудад Зөвлөлтийн цэргүүд асар их хохирол амсаж, ихээхэн газар нутгаа орхиход хүрч байв. Гэхдээ эх орноо хамгаалсан баатруудын эр зоригийн хүчээр эргэлт хийж чадсан. 1941 оны есдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 5 хүртэл Москваг хамгаалан ширүүн тэмцлээ. Энэ тулааныг дайны эргэлтийн эхний үе хэмээн түүхчид тэмдэглэжээ. Аугаа эх орны дайны түүхэн дэх дараагийн чухал үе Сталинградын тулаан юм. Ийнхүү Зөвлөлтийн улаан арми эх оронд нь халдагчидтай тулалдан, чөлөөлж явсаар Европын нутагт нүүрлэсэн аюулыг сөрж, 1945 оны 1-4 дүгээр сард Варшав, Будапешт, Братислав, Вена хотыг нацистуудаас аварчээ. Цаашлаад дайсны хүчийг устгаж давшсаар 1945 оны дөрөвдүгээр сарын 16-нд Германы Берлин хот руу довтолж эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 2-нд бүрэн эзэлсэн байлаа. Тавдугаар сарын 8-ны орой нацист Герман болзолгүйгээр бууж өгөх тухай актад гарын үсэг зурснаар даян дэлхийг донсолгосон дайны төгсгөл ирэв.
Ташрамд дурдахад, өгүүлж баршгүй гарз хохирол амссан энэхүү дайнд ЗХУ ялалт байгуулсан талаарх баярт мэдээг Зөвлөлтийн алдарт хөтлөгч Юрий Левитан радиогоор орон даяар мэдээлсэн түүхтэй.
ЯЛАЛТЫН БАЯР БОЛ ТОМ АГУУЛГА
1945 оны тавдугаар сарын 8-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн гаргасан зарлигаар тавдугаар сарын 9-нийг амралтын өдөр болгож, ялалтын баярыг жагсаал цуглаан, концерт гэхчлэн бүтэн хөтөлбөр бүхий олон нийтийн том баяр ёслол болгон тэмдэглэв. Цаг хугацаа улиран одсоор аажмаар Ялалтын өдөр өөрийн гэсэн хэд хэдэн бэлгэдэлтэй болсны зэрэгцээ том агуулга, шинж чанар бүхий үйл ажиллагааны цогц, ёслол төгөлдөр баярт тооцогдон уламжлагдаж иржээ. Жишээлбэл, Аугаа эх орны дайны үед амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн нэг минут чимээгүй байх шийдвэрийг анх 1965 оны тавдугаар сарын 9-нд гаргажээ. Жил бүр Москвагийн цагаар 12.15 цагт ОХУ-ын бүх бүс нутагт нэг минут чимээгүй зогсож, хүндэтгэл үзүүлдэг. ЗХУ-д нацист Герман довтолсон тухай уйтай мэдээг иргэддээ энэ цагт буюу 12.15-д дамжуулсан бөгөөд үүнийг хойч үеийнхэндээ сануулах бас нэгэн зорилготой юм. 2007 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Орос улсын цэргийн алдар суу, мартагдашгүй өдрүүдийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд гарын үсэг зурж, зургадугаар сарын 22-ныг Дурсамж, гашуудлын өдрөөр зарласан. Ялалтын баярын өөр нэгэн бэлгэдэл бол мөнхийн бамбар асаах үйл ажиллагаа. Эх орныхоо төлөө амиа өргөсөн баатруудын дурсгалыг мөнхөд хадгалахыг уриалдаг хүндэтгэлийн энэхүү ёслол 1957 оноос улбаатай.
Оросууд Ялалтын баяраар ахмад дайчдад улаан лиш цэцэг бэлэглэхийн зэрэгцээ мөнхийн гал болон амь үрэгдсэн баатрууд, дайны дурсгалын хөшөөнд тавьдаг. Улаан лиш бол эр зориг, бат бөх байдлын бэлгэдэл юм.
Түүнчлэн Ялалтын хүндэтгэлийн жагсаал буюу парадыг анх 1945 оны тавдугаар сарын 9-нд биш, зургадугаар сарын 24-нд зохион байгуулжээ. Үүнээс 20 жилийн дараа буюу Аугаа эх орны дайны ялалтын ойг тэмдэглэх үеэр дараагийн парад болжээ. Энэ үеэр 1945 онд Зөвлөлтийн цэргүүд Рейхстагийн орой дээр мандуулсан тугийг анх удаа Улаан талбайгаар ёслол төгөлдөр авч явсан түүхтэй. Ялалтын парадыг 1995 оноос хойш алгасалгүй жил бүр зохион байгуулдаг болсон. Ялалтын баярыг сүлд дуугүй төсөөлөх аргагүй. 1975 онд Ялалтын 30 жилийн ойн өмнөхөн яруу найрагч Владимир Харитоновын шүлэгт хөгжмийн зохиолч Давид Тухманов ая зохиож, Цагдаагийн өдрийг тэмдэглэх үеэр Лев Лещенко дуулсан “Ялалтын өдөр” дуу жинхэнэ сүлд бүтээл болон уламжлагджээ.
Ялалтын баярын өдөр бол жирийн нэг өдөр биш, дайн хэмээх харгислалыг дахин хэзээ ч давтахгүйн тулд эмгэнэлт түүхийг өгүүлж, дэлхий нийтэд сэрэмжлүүлдэг “дуут дохио”. Энэ өдөр Зөвлөлтийн баатарлаг дайчдыг дурсаж, тэдний халуун амь дэмий үрэгдээгүйг тунхаглан, таниулдаг агуу хүндэтгэл билээ. Иймийн учир Ялалтын баяр бол агуу том агуулга юм.
Дайнд оролцож, олон сая хүнд гэрэлт ирээдүй авчирсан гавьяатай ахмад дайчдын эгнээ жил ирэх бүрт хумигдсаар л. Энэ оны эхний сарын байдлаар ОХУ-д дэлхийн II дайны ахмад дайчин 7000 орчим байгааг Батлан хамгаалах яамныхаа эх сурвалжаас иш татан “Риа Новости” мэдээлсэн байна. Өнгөрсөн оны эхэнд энэ тоо 12 500 байжээ. Харин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан 14 улсад энэ тоо 5100 гаруй байгааг “Википедиа”-гаас харж болно. Бусад орны хувьд Аугаа их эх орны дайнд оролцсон ахмад дайчин хэд үлдсэнийг тооцоолоход амаргүй аж.
Ташрамд сонирхуулахад, Аугаа эх орны дайны ахмад дайчдаас 108 насалсан дөрвөн хүн байжээ. Тэд фронтын халуун шугаманд дайтаж явсан бөгөөд хоёр нь өнгөрсөн жил, нэг нь саяхан бурхны орныг зорьсон аж. Өөр нэгэн сонирхолтой баримт өгүүлэхэд, 1970 онд нээсэн нэгэн астероидыг 1978 онд “2011 Ветерания” хэмээн нэрлэж Аугаа эх орны дайны ахмад дайчдын нэрэмжит болгосон нь том хүндлэл билээ.
БҮГДЭД ХАМААТАЙ НЭГ ЯЛАЛТ
Дэлхийн II дайн, Аугаа эх орны дайн нь олон улс, үндэстний ард түмнийг нэгтгэсэн сорилт болж, хамтарсан хүчин чармайлтаар агуу ялалтад хүрснийг цэргийн шинжээчид онцлон тэмдэглэдэг. ЗХУ-д тусламжийн гар сунгаж, дайныг даван туулахад нь сэтгэл санаа, эд материал, мал, амьтан, хоол хүнс гэхчлэн тал бүрээр дэм болсон улс цөөнгүй. Тэдний халуун сэтгэлийн тусламжгүйгээр дэлхийд заналхийлсэн дайны төгсгөлийн тухай төсөөлөхөд бас л бэрх.
Аугаа эх орны дайны үед Зөвлөлтийн ард түмэнд хамгийн “уртаар” гараа сунгасан нь Монголын ард түмэн гэж бахархалтайгаар хэлнэ. БНМАУ-ын Бага хурал, Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны хамтарсан хуралдаан 1941 оны зургадугаар сарын 22нд болж “ЗСБНХУ руу фашист Герман итгэл эвдэн довтолсон тухай” тогтоол гаргаж, энэ дайнд БНМАУ хэрхэн хандаж буйг тодорхойлсон байдаг. Үүний дараа өдөр нь нийслэлд болсон хөдөлмөрчдийн цуглаанд Ерөнхий сайд Х.Чойбалсан үг хэлж, Зөвлөлтийн ард түмнийг дэмжихийг уриалжээ. Ийнхүү тусламжийн аяныг орон даяар хэд хэдэн чиглэлээр өрнүүлсэн түүхтэй. Дайны туршид бэлгийн зургаан цуваа илгээсэн. Цуваа тус бүрт дулаан хувцас, хэрэгсэл, хоол хүнс багтаж байв. Түүнчлэн монголчуудын хандивласан хөрөнгөөр байлдааны техник, хэрэгсэл худалдаж авах нь Зөвлөлтийн армид онцгой тусламж болж байлаа. 1942 оны хоёрдугаар сард 2.5 сая төгрөг, 100 000 ам.доллар, 300 килограмм алтыг ЗСБНХУ-ын Гадаад гүйлгээний банканд шилжүүлжээ. Мөн оны зун хоёр сая төгрөг цуглуулснаараа 1943 онд 53 шинэ танктай “Хувсгалт Монгол” танкийн цуваа байгуулан илгээсэн нь Берлин хүртэл тулалдсан юм. Үүнээс гадна 1943 онд Монголын ард түмний хөрөнгөөр босгосон “Монгол ард” эскадрилийг улаан армид бэлэглээд зогссонгүй БНМАУ танкийн бригад, нисэх онгоцны эскадрилийн бие бүрэлдэхүүний хангамжийг хариуцаж, 1943-1945 онд гурван удаа тус бүр хоёр сая төгрөг шилжүүлж, дайчдад нь тусгайлан бэлэг илгээв. Адуугаа дээдэлдэг ард түмний өөр нэгэн тусламж нь фронт руу уналгын 375 000 морь бэлэглэсэн нь домог болон өдгөө ч яригдсаар.
Засгийн газрын санаачилгын зэрэгцээ иргэд сайн дураараа хоол хүнс, хувцас, хэрэгсэл бэлэглэх кампани өрнүүлж, их хэмжээний илгээмж явуулжээ. Түүнчлэн БНМАУ-аас 1944 оны аравдугаар сарын 16-ны байдлаар Зөвлөлтийн чөлөөлөгдсөн бүс нутгуудад 41 334 толгой мал илгээж, дайны дараа ч энэ хэлбэрийн тусламжийг үргэлжлүүлж байв. ЗСБНХУ-ын Зэвсэгт хүчний яамны Гадаад харилцааны газраас 1947 оны тавдугаар сарын 30-нд бэлтгэсэн “Аугаа эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ, БНМАУ-ын хооронд харилцан тусалсан тухай тайланд энэ талаар маш тодорхой тоочсон байдаг. Өөр нэг чухал тусламж бий. Дайны жилүүдэд ЗХУ-д их хэмжээний гянт болд нийлүүлсэн бөгөөд нөөц бүхий орд нь Монголын нутагт байсан юм.
Евгений Халдей бол ТАСС-ын гэрэл зургийн сурвалжлагч бөгөөд улаан армийн хамт Аугаа эх орны дайны олон фронтод очсон хүн. 1942 оны зургадугаар сарын 22-ны 12.00 цагт "ЗХУ руу довтолсон Германы тухай Вячеслав Молотовын мэдэгдлийг сонсож буй москвачууд” зургаа авчээ. Энэ нь дайнтай цаг үеийн эхний зураг нь. Сүүлчийн зураг нь 1945 оны зургадугаар сарын 24-нд Улаан талбайд болсон Ялалтын парадын цуврал бүтээл нь байв. Аугаа их эх орны дайны үеэр авсан Е.Халдейн алдартай гэрэл зургуудын нэг нь "Рейхстаг дээрх Ялалтын туг”. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд чухамхүү эл зураг Зөвлөлтийн армийн ялалтын “тунхаглал” болсоор ирсэн. Энэ зургийн түүх сонирхолтой.
А.Халдей 1945 оны тавдугаар сарын 2-нд энэ зургийг Берлин дэх нацистын парламентын ордны дээвэр дээр зохиомжлон авчээ. Тэрбээр тухайн өдрийн өглөө Германы нийслэлд гурван улаан “туг”-тай иржээ. Үнэндээ бол туг гэдэг нь ширээний бүтээлэг байсан бөгөөд тэдгээрийг Москвагаас авчирчээ. Тэгээд өөрөө даавуунд алх, хадуур оёсон гэдэг. Харин Рейхстагийн оройд улаан туг мандуулахад нь тусалсан байлдагч А.Ковалев, А.Измайлов, Л.Горычев нарыг санамсаргүй сонгосон ч тэд түүхэн нөхцөл байдлыг ухамсарлан тун тэвчээртэй байж, бүх шаардлагыг нь биелүүлсэн талаар тэрбээр дурссан байдаг. Тухайн үед барилгын шатнууд шатаж, эвдэрсэн, бөмбөгөр дээврийн хэсэг өм цөм нурж, энд тэндгүй галтай байсан ч Зөвлөлтийн армийн ялалтыг илэрхийлэх зураг авах “төлөөлөгч” нар тун няхуур, идэвхтэй байснаар үүргээ биелүүлжээ. Гэрэл зурагчин өнцгөө тааруулахын тулд Ковалеваар далбааг олон янзаар эргүүлүүлж, хүссэн зургаа дарсан байна.
Харин ялалтын жинхэнэ тугийг 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд Рейхстагийн орой дээрх ялалтын дарь эхийн баримал дээр улаан армийн цэрэг А.Егоров, В.Кантария, А.Берест нар мандуулсан гэдэг. Сонирхолтой нь, 1965 оны тавдугаар сарын 9-ндр А.Егоров, В.Кантария нар Ялалтын тугийг барин Улаан талбайд алхсан түүхтэй. Потсдамын бага хурал, Нюрнбергийн шүүх танхимд шүүгдэж байгаа нацист Германы удирдагчдын дүр төрхийг гэрэл зургийн хальснаа буулгасан Е.Халдей 1948 онд ТАСС-ыг орхиход хүрчээ. Түүнийг "Москвагийн редакцийн ажлын цар хүрээ хумигдсан” гэх албан ёсны шалтгаанаар халсан ч “ерөнхий боловсрол, улс төрийн түвшин доогуур” гэхчлэн өөр шалтаг байсан хэмээдэг.
1971 онд Б.Сумхүү, Б.Ермолаев нар найруулж, монгол, орос киночдын бүтээсэн “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” уран сайхны киног санаж байна уу. Монгол, Оросын хамтарсан отрядын байлдагчид Халх голын дайны тэргүүн шугамд хүрч сэтгэл санаа, үзэл суртлын тэмцэл хийх үүрэгтэй. Тэд эсрэг талынхныхаа сэтгэл санаанд нөлөөлөхөөр чанга яригч ашигладаг бөгөөд дуу хоолойн өнгө, үгийн сонголт гэхчлэн маш нарийн тактиктай ажилладаг. Хүний сэтгэлд ийм нөлөөлөл асар хүчтэй хүрдгийг ч сэтгэл судлалын шинжлэх ухаан хэдийн баталсан байдаг. Тэгвэл Аугаа эх орны дайны үед ийм нэгэн “хэрэг” мандсан нь дээр дурдсан хөтлөгч Юрий Левитантай холбоотой. Тэрбээр онцгой “шидтэй” дуу хоолойтой нэгэн байлаа. Ярихыг нь сонссон хэн бүхэн өөрийн эрхгүй татагдсан байсан хэмээн дурссан хүн олон. Түүний “зэвсэг” Аугаа эх орны дайны үед асар их үүрэг гүйцэтгэжээ. Ямар сайндаа л Гитлер түүнийг үгүй хийсэн хүнд өндөр шан харамж амласан байдаг.
Дайны жилүүдэд Юрий Борисович Левитан өдөр бүр радиогийн шууд эфирт ажилладаг байв. Оросын эрдэмтэн, зохиолч, нийгэмтүүхийн шинжээч Виталий Тепикин, сансрын нисэгч Георгий Береговой нар “Хамгийн хэцүү, басхүү баярт мэдээг Левитаны дуу хоолойгоор хүргэдэг байсан” гэж дурсжээ. Ийм нэр хүндтэй хүнийг харин зүслэн таних нь үгүй. Зургийг нь ч нийтэлдэггүй байжээ. Иосиф Сталин хүртэл түүнийг 1941 оны зун анх харсан гэдэг. Дайны жилүүдэд Левитаныг онцгойлон хамгаалж, нууцалж, Москва, Свердловск, Куйбышев гэхчлэн байнга нүүлгэн шилжүүлж байв. Учир нь А.Гитлер түүнийг устгахыг нууц албаныхандаа даалгажээ. Левитаныг үгүй хийвэл 100 000, эсвэл амьдаар нь Берлинд авчирвал 250 000 рейхсмарк амласан гэдэг. Юрий Борисовичийг олзолж “ЗХУ бууж өглөө” гэж Берлинээс зарлуулна. Дараа нь олны өмнө түүнийг талбайд дүүжилнэ. Дараа нь И.Сталиныг яг адил цаазална” гэсэн төлөвлөгөөг нацистын суртал ухуулгын машин Геббельс боловсруулсныг Зөвлөлтийн тагнуулчид мэджээ. Тиймээс агуу хөтлөгчөө нууж, гадаад төрх байдлынх нь талаар зориуд ташаа мэдээлэл тарааж, “өндөр, биерхүү болгов”. Үнэндээ бол Левитан өндөр биш, үл ялиг бөгтөр, туранхай, ахимаг настай нэгэн байлаа.
1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Юрий Гагарин “Восток” хөлгөөр сансарт хөөрлөө” хэмээн сүр жавхлантайгаар мэдээлсэн Левитанд нэг удаа Оросын хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Н.В.Богословский “Юра чамайг нас барахад хоолойг чинь эмгэг судлаач огтолж аваад Тархи судлалын хүрээлэнд өгнө байх” гэж хошигносон гэдэг.