Дэлхийн II дайны үеийн Монгол-Оросын харилцааны чухал үйл явдлын нэг нь ЗХУын ард түмэн, түүний Улаан армид Монголын ард түмний үзүүлсэн тусламж байсан бөгөөд энэ нь Орос, Монголын түүх, бичигт тусгагдсан юм. БНМАУ-ын Бага хурал, Сайд нарын зөвлөл, МАХН-ын Төв хорооны хамтарсан хуралдаан 1941 оны зургаадугаар сарын 22-нд болж, “ЗСБНХУ руу фашист Герман итгэл эвдэн довтолсон тухай” гэсэн тогтоол гаргаж, энэ дайнд БНМАУ хэрхэн хандаж буйг тодорхойлсон байна. 1941 оны зургаадугаар сарын 23-нд Улаанбаатар хотод хөдөлмөрчдийн цуглаан болж, Ерөнхий сайд Х.Чойбалсан үг хэлж, ЗСБНХУ-ыг дэмжихийг уриалжээ. БНМАУ-ын цэргийн алба хаагчид Улаан армийн дайчидтай хамт фашистуудыг цохихоор фронтод явуулж өгөхийг хүсэж, маршал Х.Чойбалсанд хандаж байсан тодорхой тохиолдлууд ч байжээ.
МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТУСЛАМЖ ХЭД ХЭДЭН ЧИГЛЭЛТЭЙ БАЙВ
- Тусламж хуримтлуулах. Энэ ажлыг Засгийн газар, МАХН удирдан зохион байгуулж байсан юм. Уг ажил Улаан армийн дайчдад зориулж бэлэг бэлтгэхээс эхэлсэн байна. Бэлэг цуглуулж, Улаан армийн дайчдад илгээх ажлыг зохион байгуулах Төв комиссыг 1941 оны есдүгээр сард байгуулав. Бэлгийг тусгай цуваа цуглуулсан байна. Дайны туршид Монгол Улс ийм зургаан цуваа байгуулжээ. Тухайлбал, бэлгийн гуравдугаар цуваа нь 36 вагон ачаа болсон байдаг. Цуваа тус бүр дулаан хувцас, хүнсний зүйлээс бүрдэж байлаа. Цуваа бүрийг тус улсын удирдлагын төлөөллийн тэргүүлсэн Монголын иргэд дагалдан явж байв.
- Монголын ард түмний хөрөнгөөр байлдааны техник, хэрэгсэл худалдаж авах нь ЗСБНХУ-д Монголын ард түмний үзүүлэх тусламжийн нэгэн онцгой хэлбэр байлаа. Энэ санаачилгыг МАХН гаргаж, тус улсын удирдлагын дэмжлэгийг хүлээсэн юм. 1942 оны нэгдүгээр сард болсон Улсын Бага хурлын ХХV чуулган 1942 оны нэгдүгээр сарын 6-нд “ЗХУ-ын эзлэгдсэн газар нутаг дээр Германы эрх баригчдын хаа сайгүй үйлдэж буй дээрэм, тонуул, хүн амыг нь үгүйрэн хоосруулж буй зэрлэг балмад ажиллагааны тухай” ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотовын нотыг сонсоод Монголын хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цуваа байгуулж, Улаан армид өгөхөөр тогтоол гаргав. 1942 оны хоёрдугаар сард Монголын Засгийн газар 5 сая төгрөг, 100 мянган ам.доллар, 300 кг алтыг ЗСБНХУ-ын Гадаад гүйлгээний банканд шилжүүлжээ. Долоодугаар сард бас хоёр сая төгрөг цуглуулсан байна. Энэ мөнгөөр 1943 оны эхээр “Хувьсгалт Монгол” танкийн цуваа байгуулав. Уг цуваа 53 шинэ танктай, үүний 32 нь “Т-34”, 21 нь “Т-70” байсан бөгөөд тэдгээрийн цамхаг дээр нь “Хувьсгалт Монгол” гэж бичсэн байжээ. 48 танканд нь “Маршал Чойбалсан”, “Сүхбаатар”, “Бумцэнд”, “Хатанбаатар Магсаржав”, “МАХН-аас”, “БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчээс”, “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс”, “Аж үйлдвэрийн комбинатын ажилчин, албан хаагчдаас”, “Монголын үйлдвэрчний эвлэл”, “Монголын хувьсгалт залуучуудын эвлэл”- ээс болон 18 аймгийн партизан болон ардуудаас гэсэн тусгай нэр өгч бичсэн байв. Мөн “Зөвлөлтийн харьяат иргэд”-ээс, “Монголд байгаа Зөвлөлтийн эмэгтэйчүүдээс” гэсэн бичигтэй танкууд ч байжээ. Танкийн энэ бригад дайчин замналаа Москвагийн дэргэдээс эхэлж Берлин хүргэсэн юм. Түүнд “Гвард”-ын гэх цол хүртээж, дээр нь дэрвэж байсан туг нь Лениний, Кутузовын, Суворовын, Богдан Хмельницкийн, Улаан тугийн, Улаан одын болон Монголын Байлдааны гавьяаны улаан тугийн одонгуудыг чимж байв. Дайны жилүүдэд танкийн бригадын дайчид Зөвлөлт, Монгол, Польшийн 7700 одон, медалиар шагнагдсан байдаг. Өөр нэг техник нь 1943 оны гуравдугаар сард болсон БНМАУын Бага хурлын XXVI чуулганы шийдвэрээр Монголын ард түмний хөрөнгөөр бий болгосон “Монгол ард” гэдэг нисэх онгоцны эскадриль юм. Хөрөнгийг дөрвөн сарын хугацаанд цуглуулж, байлдааны “Ла-5” маркийн 12 онгоцтой нисэх эскадриль бүрдүүлж дэслэгч генерал А.С.Благовещенскийн сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн гвардын II хороонд хүлээлгэж өгсөн юм. Энэ эскадриль Волхов, Калинин, Беларуссын III, Балтийн I болон Өрнөд фронтын тэнгэрт тулалдаж, Беларусс, Литва, Дорнод Прусс, Польш, Герман, Чехийг чөлөөлөхөд оролцсон. Дайчин гавьяа байгуулсныг нь Байлдааны гавьяаны улаан тугийн, Суворовын одонгуудаар шагнаж, 1944 оны долоодугаар сард Орша хотын нэрэмжит болгож урамшуулсан байдаг. Аугаа их Эх орны дайны жилүүдэд Монголын Засгийн газар танкийн бригад, нисэх онгоцны эскадрилийн бие бүрэлдэхүүний хангамжийг хариуцаж, гурван удаа (1943 оны арванхоёрдугаар, 1944 оны дөрөвдүгээр, 1945 оны нэгдүгээр Аугаа их Эх орны дайны үед Зөвлөлтийн ард түмэнд туслахаар Монголын ард түмний өрнүүлсэн хөдөлгөөн сард) тус бүр хоёр сая төгрөг шилжүүлж байв. Түүний зэрэгцээ энэ ангийн дайчдад тусгай бэлэг илгээж байсан юм.
- Улаан армийн хэрэгцээнд адуу худалдаж, бэлэглэх нь фронтод Монголын ард түмний үзүүлсэн тусламжийн нэг хэлбэр байв. Ингээд Улсын батлан хамгаалах хорооны 1105 дугаар тогтоолоор 1942 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс ЗСБНХУ-ын Гадаад худалдааны ардын комиссариат БНМАУ-аас уналгын 375 000 морь худалдаж авахаар боллоо. Ардуудаас тогтоосон үнээр адуу худалдаж авах тухай МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчид, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны хамтарсан тогтоол 1942 оны гуравдугаар сарын 31-нд гарав. 1942 оны долоодугаар сарын 15-наас адуу худалдаж авах 14 цэг ажиллаж эхэлсэн байна. Үүний дүнд Зөвлөлтийн фронтод зориулж өгөх 104 067 адуу бэлэн боллоо. Ардууд адуугаа өгөхийн зэрэгцээ худалдах цэгүүд дээр хурц, хурдан хөлгүүдээ авчирч, Улаан армид бэлэглэж байв. Зөвхөн 1942 онд л гэхэд ард иргэд 6417 морио бэлэглэсэн байдаг. Улаан армид морь өгөх ажил дараагийн жилүүдэд ч үргэлжлэв. Хатуу ширүүн өвөл болж, мал олноор хорогдож байсан ч морь өгөх ажил амжилттай сайн үргэлжилж байлаа. 1943 онд 183 сум, 1944 онд 202 сум Улаан армид морь өгөх төлөвлөгөөг биелүүлсэн байв.
- Зөвлөлтийн ард түмэнд үзүүлсэн тусламжид хувь хүмүүсийн илгээмж онцгой байр эзэлж байлаа. 1942 оны өвөл л гэхэд Улаанбаатар хотод 8500 хүн 293 700 төгрөгийн бэлэг худалдаж авчээ. Дэлгүүрүүдэд тусгай бүрэн эрхтэй хүмүүс фронтын дайчдад ардуудын хүсэлтээр захидал бичиж өгдөг байв. Хувь хүмүүсийн илгээмжийг цуваа бүрээр явуулна. Гуравдахь цуваанд 22 176, дөрөв дэх цуваанд 16 973, тав дахид нь 12 460 ширхэг хувийн бэлэг орсон байна. Дайны жилүүдэд Монголын ардууд 37 941 659 төгрөгөөр үнэлэгдэх олон зуун мянган илгээмж явуулжээ. Энэ кампанит ажилд Монголд ажиллаж амьдардаг Зөвлөлтийн иргэд идэвхтэй оролцож 1 455 900 төгрөгийн бэлэг илгээсэн байдаг.
- Германы фашист булаан эзлэгчдээс учруулсан хохиролд өртсөн район, хүмүүст үзүүлсэн тусламж. “Германы фашист булаан эзлэгчдийн учруулсан хохиролд өртсөн Зөвлөлтийн район, хүмүүст тусламж үзүүлэх тухай” МАНХ-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1943 оны есдүгээр сарын 28-нд гарч чөлөөлөгдсөн районуудын хамтрал, түүний гишүүд ажлын адуу, үржлийн мал өгч тусламж үзүүлэхийг уриалсан байна. 1944 оны аравдугаар сарын 16-ны байдлаар бүрэн бус баримтаар ЗСБНХУ-ын чөлөөлөгдсөн районуудын хамтралуудад 41 334 толгой мал явуулсан байдаг. Дайны дараа ч тусламж үргэлжилж таван сая төгрөг, олон мянган мал, их хэмжээний дулаан хувцас өгчээ. ЗСБНХУ, түүний Улаан армид Монголын ард түмний үзүүлсэн сэтгэл харамгүй тусламжийг нийтэд нь Ю.Цэдэнбал 65 сая төгрөг хэмээн үнэлсэн нь бий. ЗСБНХУ-ын Зэвсэгт хүчний яамны Гадаад харилцааны газраас 1947 оны тавдугаар сарын 30-нд бэлтгэсэн “Аугаа их Эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ, БНМАУ-ын хооронд харилцан тусалсан тухай лавлахад: А. “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” нисэхийн эскадрильд зориулж материаллаг зүйл бэлтгэхэд 6 023 500 төгрөг шилжүүлсэн.Б. Фронт руу бэлгийн журмаар:
- Янз бүр бүрийн мал, амьтны мах-622 тонн
- Янгир-54 200 ширхэг (13.5 тонн) • Өөхөн тос-168.5 тонн
- Гахайн мах-20 тонн • Хиаман бүтээгдэхүүн-174 тонн мах, махан бүтээгдэхүүн нийтдээ 1000 орчим тонн
- Үстэй оготор хүрэм-67 635
- Үстэй хантааз-74 440 ширхэг
- Эсгий гутал-89 944 ширхэг
- Армийн шинель-11 200 ширхэг
- Ахуйн хэрэглээний саван-129 тонн бусад. Нийт дүн нь 55 870 000 төгрөг. В. БНМАУ-ын иргэдээс бэлэг болгож 20 000 орчим адуу. Үнэ нь 3 876 560 төгрөг гэж бичсэн байдаг. ЗСБНХУ-д үзүүлсэн нийт тусламж нь 65 770 060 төгрөг (86 421 859 рубль) болсон байдаг. Үүнээс гадна дайны жилүүдэд БНМАУ-ын Засгийн газар, ЗХУ-д улсын үнээр 88 сая төгрөгөөр 437 189 морь худалджээ. Монголын Гадаад харилцааны яамны гэрчилж буйгаар ЗХУ-д Монголын үзүүлсэн янз бүрийн хэлбэрийн тусламж хэмжээгээрээ ленд-лизтэй дүйх юм.
- Ёс суртахууны тусламж багагүй ач холбогдолтой байв. Монголын төлөөлөгчид фронтод байлдаж буй арми дээр очсон нь ийм дэмжлэгийн сайн хэлбэр байлаа. Нэг удаагийн нь төлөөлөгчдийг Өрнөд фронтын командлагч Г.К.Жуков хүлээж авсан байдаг. Волхов, Өрнөд, Калиннины, Баруун хойд, Төвийн фронтууд дээр БНМАУ-ын нийтдээ 80 орчим төлөөлөгч очиж байжээ.
- Монголын ард түмний үзүүлж байсан сэтгэл санааны дэмжлэгийн тодорхой илрэл нь фронтын дайчдад илгээж байсан захидал байв. Дайны үед иргэдийн бичсэн захидал, талархлын үгийг хүлээж авч, илгээх ажил эрхэлдэг тусгай хэлтэс МАХН-ын Төв хорооны дэргэд ажиллаж байв. Хүмүүс шүлэг, илгээлт, даалгавар, талархал, гарын үсгийн цуглуулга зэргийг явуулдаг байжээ. Тэдгээрийн дотроос Улсын бага хурлын XXV чуулганы 95 төлөөлөгч гарын үсгээ зурсан шүлэглэсэн илгээлт, Улаанбаатар хотын 800 хөдөлмөрчний гарын үсэг бүхий захидал бусдаас ялгарч байсан бөгөөд энэ бүхнийг 1942 оны намар фронт руу илгээсэн аж. Бүх захидал бичигт Германы фашистуудыг ялан дийлэхэд уриалсан байдаг байв. Монголын хөдөлмөрчдийн илгээсэн захидлын хариу болгож фронтын амьдрал байдал, байлдаан тулаан, байгуулж буй гавьяаныхаа талаар өгүүлсэн захидлууд фронтын дайчдаас ирнэ. Энэ бүхний үлэмж хэсэг нь “Монголоос фронт руу илгээсэн захидал”, “Фронтоос Монгол руу бичсэн захидал” нэрээр 1944 онд хэвлэгдсэн хоёр боть номд орсон юм.
- Монголын хөдөлмөрчдийн сэтгэл санааны дэмжлэг БНМАУ-д аж төрж байсан Зөвлөлтийн иргэдийн гэр бүлд тавьж байсан анхаарал халамжаар бас илэрч байв. БНМАУ-д суурьшин амьдарч байгаад Улаан армийн эгнээд дайчлагдсан Зөвлөлтийн иргэн цэргийн албан хаагчдын гэр бүлд төлбөр, тусламж олгох тухай” БНМАУ-ын УБХ-ын тогтоол 1942 оны арваннэгдүгээр сарын 3-нд гарч, түүнд зааснаар • Дайнд тахир дутуу болсон хүмүүс гурван зэрэглэлээр 60-250 төгрөг. • Бэлэвсэн гэргий, амь үрэгдэгсдийн гэр бүл, хүүхдүүдэд 50-200 төгрөг, хэрэв ЗХУ-ын баатрын гэр бүл бол энэ хэмжээ 25 хувиар нэмэгдэж олгогддог байжээ. Ийнхүү фронтод туслах гэсэн Монголын ард түмний чин эрмэлзэл нь бүх нийтийн хөдөлгөөн болж хувирсан юм. Монгол Улсын үзүүлсэн тусламжийг өндөр үнэлсэн цахилгаан утсыг ЗХУ-ын маршал Г.К.Жуков 1945 оны тавдугаар сарын 2-нд илгээсэн байдаг.