ТҮЦ эрхлэгчид эрх ашиг нь зөрчигдсөн асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст гомдол гарган, өлсгөлөн зарлаад байсан билээ. Үүний хүрээнд ХЭҮК-оос хуульд заасны дагуу шалгалт хийж, нийслэлийн Засаг даргын 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн А/237 захирамжийг хэрэгжүүлэхдээ хүний эрх зөрчсөн, эсэхэд хийсэн дүгнэлтээ танилцуулав.
Нэгдүгээрт, захирамжийн талаар иргэдэд мэдээлэл өгч, урьдчилан мэдэгдэх, боломжит нөхцөл санал болгох, оролцоог нь хангах зэрэгт ерөнхий байдлаар хандсан нь ТҮЦ эрхлэгчдийн зүгээс эрх нь зөрчигдсөн байж болзошгүй асуудлаар шүүхэд хандах эрх хязгаарлагджээ. Хоёрдугаарт, бэлтгэл ажлыг хангалтгүй хийснээр газар чөлөөлөх үеэр зарим иргэний эрх зөрчигдсөн, эд хөрөнгөд хохирол учирсан, хүнлэг бус харьцсан, нүүлгэн шилжүүлэх ажлыг бусдаар гүйцэтгүүлэхдээ нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар шаардлагатай арга хэмжээг аваагүй гэж үзсэн байна. Мөн дээрх шалгалтын үеэр дүүргүүдийн удирдлагуудыг гомдол, санал гаргасан иргэдтэй нэгбүрчлэн уулзаж, үр дүнтэй хэлэлцээ хийх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, бусдын эд хөрөнгийг гэмтээхгүй байхад анхаарах, энэ чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын дүн мэдээллээ ХЭҮК-т ирүүлэх зөвлөмж өгсөн ч ажил хэрэг болгоогүй аж.
Л.Чимэг