Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэднийг богино хугацаанд зорьсон аяллын бүс нутагт нь хүргэх зорилгоор БНСУын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу долоодугаар сарын 29-нөөс олон улсын шууд нислэг үйлдэж эхэлнэ. Энэхүү түүхэн нислэг нь манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахаас гадна Хөвсгөл аймаг болон бүс нутгийн эдийн засагт чухал ач холбогдолтойг албаныхан онцоллоо. Уг төслийг аялал жуулчлалын “Чандмань трэйвел” болон үндэсний агаарын тээвэрлэгч “Хүннү эйр” компани хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний хоёр нислэгийг долоо, наймдугаар сард үйлдэхээр гэрээ байгуулжээ. Ташрамд дурдахад, хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт өнгөрсөн сард болох үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг олон улсын 4С зэрэглэлтэй болгоно” гэж мэдэгдсэн билээ.
Г.Сансар