Монгол хэл, бичгийн шалгалтад 83 374 суралцагч оролцсоноос 15.5 хувь буюу 12 964 нь 400-гаас бага оноо авч, шалгалтдаа тэнцсэнгүй. Уг шалгалтыг өнгөрсөн сарын 17-19-нд зохион байгуулсан бөгөөд нийт шалгуулагчдын 84.5 хувь буюу 70 410 нь тэнцжээ. Энэ жил 10, 11 дүгээр ангийн сурагчид оролцсон учраас шалгуулагч нарын тоо урьд жилүүдийнхээс эрс нэмэгджээ. Тодруулбал, улсын хэмжээнд 2023 онд 30 879, өнгөрсөн жил 33 361 сурагч шалгуулсан бол энэ жил 50 мянгаар өссөн байна. Түүнчлэн энэ жил шалгуулагчдын анхны оноо 26.8 байсан нь урьд жилийнхээс 6.84-өөр буурчээ. Ийнхүү гүйцэтгэлийнх нь 53.6, хэмжээст оноо 500 болж буурсан ч 800 оноо авсан шалгуулагчдын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдэж 121-т хүрчээ. Өвөрхангайгаас 2890 сурагч оролцсоноос 2566, Төв аймагт 1811-ээс 1564 хүүхэд тэнцсэн нь орон нутгаас хамгийн өндөр амжилт болж байна. Орхон аймгаас 4105 сурагч шалгалтад оролцож, 3497 нь тэнцжээ. Хөвсгөлөөс 3103 хүүхэд монгол хэл, бичгийн мэдлэгээ сорьсноос 3103 нь босго давсан. Улаанбаатарт Баянзүрх дүүргээс 11 312 сурагч мэдлэгээ сорьсноос 9637, Баянголын 5928 нь босгоо давжээ. Харин Баян-Өлгий аймаг хамгийн тааруу буюу 1524 хүүхэд оролцсон ч талаас илүү нь элсэлтийн шалгалтад оролцох эрхээ авч чадсангүй. Нийслэлээс Баянзүрх дүүргийн 1675 хүүхэд, Сонгинохайрханаас 864 сурагч нь тэнцээгүй гэнэ. Багахангай дүүрэгт хамгийн цөөн буюу 53 сурагч шалгалт өгснөөс ес нь тэнцээгүй аж.
А.Үүл