Өмнийн говийг зорих гадаадын жуулчдын урсгал эрс нэмэгджээ. Үүнийг дагаад орон нутгийн замын чанар, аюулгүй байдлын асуудал ч хөндөгдөж эхлэв. Говийн аялал жуулчлалын гол бүсэд оршдог “Гурван сайхан” нисэх буудлын хөөрч, буух зурвасыг засаж шинэчилж буйтай холбоотойгоор тухайн чиглэлд нислэг үйлдэхийг хязгаарласан. Үүний улмаас жуулчид газраар буюу автомашинааар зорчихоос аргагүйд хүрсэн.
Гэтэл Улаанбаатараас Даланзадгад хүрэх зам чанар, аюулгүй байдлын наад захын шаардлага хангахгүй, жуулчид байтугай жолооч, хөтөч нарыг сандаргах болсныг орон нутгийн иргэд, тур оператор компанийнхан хэлж байна. Ялангуяа Дундговийн Хулдаас Луус сум хүртэлх хэсгийн авто зам энд тэндгүй гүн хагарал, эвдрэлтэй, ослын эрсдэлтэй цэг болсныг тэд сануулах боллоо. “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр “Манайх энэ жил Японоос гурав дахь удаагаа шувуу ажиглагч бүлэг жуулчин хүлээж авна. Би тэдэнд жил бүр “Энэ замыг удахгүй засах гэж байгаа. Та нарыг дараа ирэхэд гоё болчихно” гэдэг юм. Энэ жил бас л худлаа хэлэх нь. Дундговийн замыг дөрвөн эгнээ болгох яах вэ, зүгээр л одоо байгааг нь засаад өгөөч. Явах бүрд осол гарчихсан харагдах юм. Улаанбаатар-Дундговь чиглэлийн авто замыг бүгдийг нь биш юм гэхэд Хулдаас Луус хүртэлх хэсгийн эвдэрхийг шороогоор ч болов дүүргээд өгөөч. Улаанбаатараас Дундговь хүртэлх замд ядаж ганц нийтийн бие засах газар байгуулаач. Засгийн газар Дундговийн замыг засахад мөнгө хуваариллаа гэсэн. Тэр нь яасан бэ. Бид ийм байдалтайгаар яаж нэг сая жуулчин хүлээж авах вэ. Сая жуулчин хүлээж авахад сайн төлөвлөлт, дэд бүтэц чухал” хэмээв.
Ж.Сувд