Ерөнхийлөгчийн ивээл дор дөрөв дэх жилдээ зохион байгуулсан “Сувилагч тандаа баярлалаа” улсын зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөний нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, төр засгаас сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сувилагчдыг бэлдэх чиглэлээр багагүй анхаарч, энэ мэргэжилтний цалинг 2019 онынхтой харьцуулахад 1.7-2 дахин нэмж, 2024 оноос орон нутаг, онцгой нөхцөлийн нэмэгдэл олгож эхэлснийг онцолсон юм. Мөн сувилагч мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгож, Архангай аймагт Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвийг ирэх намраас ажиллуулж эхлэх болсныг дурдав. Үүний зэрэгцээ АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт, судалгааны төвийн бүтээн байгуулалт өнөөдөр (өчигдөр) эхэлж буйг дуулгалаа. Тэрбээр тус сургуулийн Сувилахуйн сургуулийн дэргэд барьж буй Сувилахуйн сургалт, судалгааны төвийн ажлын үйл явцтай танилцсан юм. Найман давхраас бүрдэх энэ төв 4846 ам метр талбайтай, 100 гаруй өрөөтэй байх гэнэ. Тухайлбал, хоол, сэргээн засах, хэл засал, төрөлжсөн сувилахуйн ур чадвар хөгжүүлэх эмнэл зүйн дуураймал орчин, нийгмийн эрүүл мэндийн сувилахуй, судалгаа, инновац, бие даан суралцах чадварыг хөгжүүлэх төвөөс бүрдэх аж. Уг төвийн барилгын ажлыг “Эйч Ар Ви констракшн” ХХК гүйцэтгэж буй бөгөөд ирэх онд ашиглалтад оруулах гэнэ. Хэдхэн хоногийн өмнө Монголын сувилагчдын нийгэмлэгийнхэн хэвлэлийн бага хурал хийж, хоёр жилийн өм¬нө сувилахын төв байгуулж өгнө гэсэн амлалтыг нь Ерөнхийлөгчөөс шаардаж байсан билээ.
Манай улс 15 мянга гаруй сувилагчтай бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22 хувийг эзэлж буй аж. 1000 хүнд ногдох сувилагчийн тоо 4.2 байгаа нь олон улсын дунджаас 2.4 дахин цөөн гэсэн үг. Мөн манай улсад сүүлийн дөрвөн жилд бэлтгэсэн нийт сувилагчийн 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэсэн статистик судалгаа гарсныг зөвлөгөөний үеэр танилцуулав. Тодруулбал, манай улсад нийт 15 152 сувилагч ажиллаж байгаагийн 3.8 хувь нь эрэгтэй аж. Нийт сувилагчийн 5477 нь ерөнхий мэргэжлийн, 2106 нь бусад, 1052 нь мэс заслын, 664 нь хүүхдийн, 580 нь сэргээн засахын, 563 нь дархлаажуулалтын, 553 нь мэдээгүйжүүлэлтийн, 536 нь эрчимт эмчилгээний, 480 нь яаралтай тусламжийн, 470 нь өрхийн сувилагч аж. Тэднээс хамгийн цөөн буюу найман хүн харшлын сувилагчаар ажиллаж байна. Түүнчлэн арьсны 93, нүдний 110, эх, хүүхдийн 107, хөнгөвчлөх эмчилгээний 118, чих, хамар, хоолойн 128, гэмтэл согогийн 144, мэдрэлийн 189 сувилагч ажиллаж буй гэнэ.
Олон улсын сувилагчдын өдрийг манай улс 30 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд “Сувилагчдаа дэмжиж, эдийн засгаа бэхжүүлье” уриан дор нэгджээ.
Ч.Туяа