“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн гүйцэтгэгч байгууллагынхны уулзалт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд болон Боловсролын, Сангийн, Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Боловсролын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төвийн инженер, мэргэжилтнүүд, төслийн зураг, төсөл болон барилга угсралтын ажил гүйцэтгэж буй байгууллагын төлөөлөл оролцжээ. Тэд төслийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, үр дүнгийн талаар санал солилцсон аж.
“Эрдэнэт үйлдвэр” нийтдээ160 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэж буй. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд 820 орчим сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэх юм байна. Ингэснээр улсын хэмжээнд 233 цэцэрлэг, ерөнхий боловсролын 337 сургууль, 250 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болох гэнэ.
Ч.Болор