Улаанбаатарчуудыг чийрэгжүүлэх, улсын бодлогот “кампанит ажил” маргаашаас албан ёсоор эхлэх нь. Эрчим хүчний холбогдох хууль, журамд заасны дагуу жил бүрийн энэ өдөр айл өрх, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг зогсоож, байршил, үйл ажиллагааны онцлогоос нь хамааран есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл хязгаарладаг. Үүнтэй зэрэгцээд дулааны шугам сүлжээнд засвар хийх нэрийдлээр нийслэлийн орон сууцын хотхон, хороолол, аж ахуйн нэгж, байгууллагуудын хэрэглээний халуун усыг зуны гурван сарын турш 7-20 хоногоор ээлж дараалан хязгаарладаг харгис жишиг тогтоод цөөнгүй жил болсон. Энэ жилийн ээлжит их засварыг маргаашаас эхлүүлж, наймдугаар сарын 20 хүртэл үргэлжлүүлэх хуваарийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас гаргаснаа танилцуулаад байна. Хэчнээн айл өрх, аж ахуйн нэгжийн хэдэн мянган хүнийг зуны турш ингэж зутраах юм, бүү мэд, тоолохын арга алга. Эхний ээлжид МҮОНТВ, Гандан, ТБД Андууд, II, III, IV болон VI бичил хороолол, ЭХЭМҮТ, “Улаанбаатар палас”, Баянгол дүүргийн Цагдаагийн газар орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн халуун усыг 14 хоногоор хязгаарлаж, цаашид бусад байршлынхныг таслах нь. Ингээд нийслэлчүүд муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр халаалтгүй дээрээ халуун ус ч үгүй зуны саруудыг зутруухан үдэх цаг ирээд байна. Иргэдийн ёжилсноор “хамаатнуудаа санадаг улирал” ирлээ.
Аль ч улс, хотод цахилгаан, дулаан хангамжийн аюулгүй, найдвартай байдлыг хангах үүднээс шугам сүлжээнд их болон урсгал засвар хийдэг. Гэхдээ манайх шиг ингэж зун болгон хэдэн мянган өрхийн хэрэглээг ёс юм шиг хязгаарлаж, иргэдээ хохироодоггүй, хашраадаггүй юм билээ. Засвар хийсэн газраа ахин дахин ухаж төнхөөд байхааргүй чанартай ажил хийдэг гэнэ лээ. Аргагүй тохиолдолд халуун усны хэрэглээ хамгийн бага байдаг цаг, улирлыг тааруулан аль огино хугацаанд засвар, шинэчлэл хийдэг аж. Гэтэл нийслэлчүүд багадаа 7-20 хоног, заримдаа бүр 1-3 сараар халуун усаа таслуулж, хүссэн үедээ усанд орох, ариун цэврээ сахих эрхээ хязгаарлуулж байна.
Яагаад халуун усыг “хэрэглээний” гэж тодотгодог болохыг сайн бодоод үзээрэй. Хэзээ усанд орох нь хувь хүний сонголт байдаг. Үүн шиг хэр зэрэг хүйтэн, бүлээн, халуун ус ашиглах нь ч тухайн хүний шийдэх сонголт, хэрэгцээ юм. Хүйтэн усанд орох боломжгүй, эрүүл мэндийн шалтгаантай хүн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ сонголтыг чөлөөтэй хийх эрхийг хэрэглэгчдэд үлдээх нь, хязгаарлахгүй байх нь үйлчилгээ үзүүлэгч байгууллагын, цаашлаад улсын үүрэг. Тиймээс эл асуудлыг наргиан наадам болгож өнгөрөөж, бүдгэрүүлэхгүй байхыг хүсье. Хэрэглээний халуун усаа хязгаарлуулсан айлууд, үйлчилгээний байгууллагууд яагаад зун халаагч төхөөрөмж худалдан авч ашигладаг гээч. Тэд хүйтэн усанд орохыг хүсэхгүй байна. Харин дулаан дамжуулах, түгээх компаниуд тэдний энэ хүсэл, сонголтыг үл ойшоосоор. Улаанбаатар шиг тоос, шороотой, навсгар, халтар хотод усанд орох хэрэгцээ хамгийн чухал гэдгийг, үүнийгээ хязгаарлуулах нь үнэн хэрэгтээ нэг төрлийн харгислал гэдгийг ойлгодог болоосой.
Н.Мишээл