“Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагынхан Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төв, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэнтэй хамтран Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт хийж буй тохижилтын нэгэн ажилд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэв. Ингэхэд тухайн ажлыг оршин суугчдын санал, хэрэгцээнд үндэслээгүй, чанарын шаардлага хангахгүй материалаар ямар ч хяналтгүй хийж байгаа нь тогтоогджээ. Засаж, тохижуулах нэрээр явган хүний бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй замыг хуулж, төсвийн хөрөнгийг үнэгүйдүүлэн, оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна гэж тэндхийн иргэд гомдол гаргасан аж.
Уг тохижилтын ажлыг “Люкс даймонд” хэмээх компани нийслэлийн төсвийн 300 гаруй сая төгрөгөөр гүйцэтгэж буй гэнэ. Гэвч уг компани зам засварын ажлын тендерт оролцсон, шалгарсан гэхямар нэгэн мэдээлэл холбогдох байгууллагуудын бүртгэлийн сангаас олдоогүйг дээрх эвслийнхэн тодотгов. Мөн тус компанид бараа, материал нийлүүлдэг гэх “Хурд таван эрдэнэ”, “Бэст конкрэйт” зэрэг аж ахуйн нэгж хууль, журмын дагуу Стандарт, хэмжил зүйн газраас тохирлын гэрчилгээ аваагүй нь шалгалтаар илэрчээ. Иймд нийслэлийн төсвөөр гүйцэтгэж буй дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд захиалагчийн хяналт тавих үүрэгтэй нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрынхныг ажлаа хийхийг шаардлаа. Түүнчлэн төсвийн хөрөнгийг энэ мэтчилэн хяналтгүй, үр ашиггүй зарцуулж буй зөрчилтэй, чанаргүй ажлуудын талаарх мэдээллийг зураг, дүрс бичлэгээр баримтжуулан хуваалцахыг иргэдэд уриалав. Ташрамд дурдахад, “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагынхан нийслэлийн есөн дүүрэгт хийж буй бүтээн байгуулалтын ажлын үр дүн, хөрөнгө оруулалтад хяналт тавих зорилгоор 2023 оноос “Төсвөө мэдье, төсвөө мөшгөе” нөлөөллийн аян өрнүүлж байгаа юм.
Ж.Сувд