Монголын ноос, ноолуурын холбооныхон орон нутгийн хөдөө аж ахуйн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн ноолуурын одоогийн ханшийг танилцууллаа. Дотоодын үйлдвэрүүд болон Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд, Баянхонгор, Завхан, Говь-Алтай зэрэг аймагт ноолуурыг 122-140 мянган төгрөгөөр тогтмол худалдан авч байна. Тухайлбал, баруун бүсийн буюу Говь-Алтай, Ховд аймагт нэг кг ноолуур 122-125 мянган төгрөгийн ханштай байгаа бол Архангайд 136-138, Хөвсгөлд 138-140 мянган төгрөгөөр авч буй гэнэ. Ноолуур боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудаас “Говь”, “Говь-Эрдэнэ кашмир”, “Үлэмж кашмир”, “Кашмир холдинг” зэрэг аж ахуйн нэгж түүхий эд тогтмол худалдан авч байгаа аж.
Ноолууртай холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Монголын ноос, ноолуурын холбоо, Завхан аймгийн ЗДТГ-ынхан Уур амьсгалын ногоон сангийн АДАПТ төсөлтэй хамтран Улиастай сумд ноолуурын болон сарлагийн хөөврийн дуудлага худалдааг өнөөдөр, маргааш зохион байгуулах гэнэ. Энэ нь Завханаар тогтохгүй зэргэлдээ аймаг, сумын малчид, иргэд, малчдын бүлэг, хоршоологчид үндэсний үйлдвэрүүдэд ноолуур, хөөврөө зах зээлийнхээс өндөр ханшаар худалдах боломжийг олгох нь.
Н.Мишээл