Жил бүрийн тавдугаар сарын 13-ныг бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Mанай улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод 2009 оны энэ өдөр нэгдэн оржээ. Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлснээр тухайн хүүхдэд хугацаа алдахгүйгээр дэмжлэг үзүүлэх, мөн хоёрдогч хүндрэлээс сэргийлэх томоохон алхам гэж мэргэжилтнүүд үздэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийг хөгжлийн хоцрогдолтой байна уу, үгүй юү гэдгийг эрт илрүүлснээр хөгжлийн бэрхшээлийг 30 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэсэн дэлхий нийтийн судалгаа бий аж.
Монгол Улсад 2016 оноос цусны хатаасан толбонд дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэгийг илрүүлэх скрининг шинжилгээг дэлхийн жишиг стандартын дагуу нэвтрүүлэн, 68 000 гаруй нярайд хийжээ. Нэг нярайд 2-7 төрлийн эмгэгээр тандалтын шинжилгээ хийснээр 150 гаруй нярайг хөгжлийн бэрхшээлтэй болох, эрт үедээ эндэхээс сэргийлж чадсан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлалын дагуу өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд ес, 18, 36 сартай хүүхдэд эрүүл мэнд, хөгжлийн эрт илрүүлгийн нэгдсэн үзлэгийг зохион байгуулж буй юм.
Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 14.6 мянган хүүхэд байна. Эдгээр хүүхдийн 76.2 хувь нь төрөлхийн бэрхшээлтэй бол 1700 орчим нь байнгын хэвтэрт байдаг гэнэ. Хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй 814, сургуульд явах боломжгүй 1263 хүүхэд байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Ч.Туяа